МОНГОЛЧУУДЫН БҮТЭЭСЭН ЦАХИЛГААН АВТОБУС ҮЙЛЧИЛГЭЭНД ГАРАХАД БЭЛЭН БОЛЛОО

Монгол Улсын Засгийн газар 2018 онд “Нийслэлийн нийтийн тээвэрт байгаль орчинд ээлтэй цахилгаан автобус нэвтрүүлэх, туршилт хийх тухай” 122 дугаар тогтоолыг баталсан билээ. Уг тогтоолд “МОН-30” загварын их багтаамжийн цахилгаан автобусыг дотоодын үйлдвэрлэгчид захиалан үйлдвэрлүүлж, нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх туршилт хийж, үр дүнг Засгийн газарт танилцуулахыг Зам, тээврийн хөгжлийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарт даалгасан.

Тэгвэл энэхүү тогтоол хэрэгжиж, Монгол инженерүүдийн гарааг бүтсэн МОН-30 загварын их багтаамжийн цахилгаан автобусыг танилцуулсан бөгөөд туршилтын хоёр ширхэг автобус нийтийн тээврийн үйлчилгээнд гарахад бэлэн болоод байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Монголчуудын бүтээсэн цахилгаан автобус үйлчилгээнд нэвтрэхэд бэлэн болж, өнөөдөр анхны загвараа танилцууллаа. МОН-30 нь байгаль орчинд ээлтэй, 100 хувь цахилгаан автобус. Цаашид олноор үйлдвэрлэгдэж, нийтийн тээврийн үйлчилгээнд бүрэн нэвтрээд зогсохгүй экспортод гараасай гэж салбарын сайдын хувьд билэгшээн бодож байна. Монголын зам, тээврийн салбарт Улсын баяр наадмын өмнөхөн олон сайхан үйл явдал тохиолдож байгаагийн нэг нь энэ юм” хэмээн онцоллоо.