Өнөөдөр төрийн далбааны өдөр тохиож байна. Энэ өдрийг монголчууд 2009 оноос эхлэн 10 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ өдөрт хүндэтгэл үзүүлэн Чингисийн талбайд 10.00 цагт Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн цэргийн ёслолын жагсаалыг арав жилдээ зохион байгуулна.
Төрийн далбааны өдрийг тэмдэглэх болсон түүхийг эргэн харвал 2008 онд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ц.Дашдорж нар Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийг санаачлан батлуулсан байдаг. Ингэснээр Төрийн далбааны өдрийг жил бүрийн энэ өдөр улсын баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж байхаар хуульчилсан билээ.
Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн” гэжсэн заалт бий.
Төриййн далбааны өдрийн хамгийн сонирхолтой арга хэмжээний нэг нь цэргийн парад юм. Энэ жилийн парадад Улаанбаатар гарнизон болон Цагдаагийн Ерөнхий газар, ОБЕГ, Хууль сахиулахын их сургууль, Батлан хамгаалахын Их сургууль, Хүндэт харуул зэрэг хүчний байгууллагын нийт 90 хайрцаг /батальон/ жагсах юм.
Жанжин туг залах, Монгол Улсын Төрийн далбааг мандуулах, Цэргийн ёслолын жагсаал жагсах энэхүү сүрт ёслол нь цэрэг-иргэний харилцааг бэхжүүлсэн, эх оронч, үндэсний бахархлыг дэврээсэн, нийслэлийн иргэдийн хүсэн хүлээдэг томоохон арга хэмжээ болжээ.
Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандаж, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор 2008 онд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 2 дугаар бүлгийн 5 дахь зүйлийн 5.1.15-д “Монгол Улсын төрийн далбааны өдөр: Долоодугаар сарын 10” хэмээх нэмэлт өөрчлөлтийг оруулсанаар монголчууд нийслэлийн төв талбайдаа цэргийн ёслолын жагсаал жагсч, төрийн далбаандаа албан ёсоор хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтжээ.
Цэргийн ёслолын жагсаалыг анх удаа жанжин Д.Сүхбаатарын санаачлагаар 1921 оны долоодугаар сарын 11-ний өдөр Нийслэл хүрээнд явуулж эхэлснээс хойш эдүгээ 93 жил болж байна. Цэргийн ёслолын жагсаал нь 1996 онд Монголын тулгар төр байгуулагдсаны 790, Ардын хувьсгалын 75 жилийн их ойн баяр наадмын нээлтийн үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд, 2005, 2009, 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байв.
Сонирхуулахад, АНУ зургаадугаар сарын 14, ОХУ 8 дугаар сарын 22, Итали нэгдүгээр сарын 7, Аргентин долоодугаар сарын 20-нд Төрийн далбааны өдрөө бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг бол Европийн холбоо тавдугаар сарын 9-ний өдөр далбааныхаа өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэдэг ажээ.