Тэнгэр хангай хур бороогоо харамгүй хайрласан өдрүүд үргэлжилж байна. Түүний хэрээр авто зам дээрх нүх сүв бүр хоосонгүй байв. Нялх үрээ энгэртээ тэвэрсэн эх гутлаа нэвт норгохгүйг хичээн ус тогтоогүй ирмэг, булан бараадан харайсаар явган хүний гарцны өмнө ирэв.
Тэнд, таягтай ахмад, анхны ажлын ярилцлагадаа тэвдэн яарах ганган хослолтой залуу, эртлэн босож чухал арга хэмжээнд ач холбогдол өгөн хамаг байдгаараа гоёж гоодсон бүсгүйн зэрэгцээ бусад хүмүүс ногоон гэрэл асахыг хүлээх зуураа урд нь тогтсон шалбаагийг хэрхэн тойрч гарахаа тооцоолон зогсоно.
Тэндээс төмөр хүлгүүд техникийн хурд, хүчийг сүр жавхлантайгаар үзүүлэн ирж байна шүү. Энэ ч муу даа…
Хотын соёлд тооцогдох, цагаан шугамаар зам хөндлөн гарах дүрмээ биелүүлсэн иргэд өлмийгөө дүрэхээс ч эмээж байсан шалбаагаа хормын дотор техникийн гайхамшгийн “ачаар” ам руугаа цутгуулах нь тэр.
Амны цангаа тайлах бүү хэл дахин шүхэр барьж гараа чилээх ч хэрэггүй болгосон жолооч нарт талархах нь зүйтэй юу. Хэрвээ тэд хурдаа сааруулсан бол ихдээ л есөн секунд гарздах биз. Тэдгээр жолооч нь мөн ч олон хүний өдрийг сүйтгэн байж хэмнэсэн нэг минутаа ямар үйлсэд зарцуулдаг бол. Энэ улсынхаа бүтээн байгуулалтад нэмэр болсон бол яамай даа. Гүнээ талархъя.
Гэтэл ийм тохиолдолд “талархаж мэддэггүй” нэгэн ч бий. Дан ганц амин хувиа бодсон жолоочийн бүдүүлэг авирт цухалдаж, түүний үйлдэлд арга хэмжээ авмаар санагдана. Үнэхээр уг үйлдэлд хариуцлага тооцдог болов уу.
Энэ талаар Тээврийн Цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Зоригоогоос тодруулсан юм.
-Явган зорчигч руу ус цацсан жолоочид тооцдог арга хэмжээ гэж бий юү?
-Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нь явган зорчигч руу ус цацсан тохиолдолд цагдаагийн байгууллагад гомдол гаргах эрхтэй. Уг зөрчил багагүй бүртгүүлсэн.
Энэ тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 14.7.51-д заасны дагуу замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тухайн жолоочийг 100 мянган төгрөгөөр торгоно.
-Жолоочийн зохисгүй үйлдэлд өртсөн иргэн хаана хандах вэ?
-Тухайн машины улсын дугаар болон маркийг нь цээжлээд, зөрчил гарсан дүүргийн цагдаагийн хэлтэст болон 102 утас руу залгаж мэдээлж болно. Мөн камераар дүрсийг нь баримтжуулж “Цахим замын цагдаа” гэсэн хаягаар мэдээлэх боломжтой.
-Хэрвээ гар утасгүй эсвэл ус цацсан машиныг харж амжаагүй бол камер шүүж, арга хэмжээ тооцох боломжтой болов уу?
-Камер нь зөвхөн авто замын хөдөлгөөн зохицуулах зориулалттай учраас тээврийн хэрэгслийн дугаарыг шүүх боломж хомс юм.
Ямартай ч эрхэм жолоочид тооцох арга хэмжээ байдаг ажээ. Гэхдээ манай нийслэлийн зарим авто зам яг л хүний амьдралыг өгүүлэх мэт.
Амьдралын зам тийм ч дардан биш. Нэлээдгүй бартааг туулж, донсолж, заримдаа зогсох ёстой газраа зогсоогүйн улмаас бусдын замд саад болж, нэг зам дээр зэрэгцэн явсан машинтайгаа мөргөлдөж, маргалдаж, эцэст нь тус тусын зорилгоо хөөн урьдаас таашгүй уулзварын эхээр салаад явдаг.
Тэгвэл амьдралын жолоогоо атгаж яваа хэн бүхэн бусад руугаа нулимж, магадгүй чухал өдрийг нь баллаж, тэднийхээ хараалыг нь зооглох хэрэг юун. Ийн амьдралыг ухааруулах авто зам дээр зорчуулж байгаад баярлалаа.
Гэхдээ бүхэл бүтэн 380 жилийн ойтойгоо золгож буй Улаанбаатар хотод ийм авто зам даанч хэрэггүй. Үүний оронд нүх сүвийг нь нөхөх, ус зайлуулах хоолой гаргах зэрэг бодитой ажлыг хэрэгжүүлбэл мөн ч таатай.
Эсвэл авто зам бүрийг дагуулаад таван метр хэртэй өргөн ногоон байгууламж суурилчихвал түүнийг нь усалж, арчлах ажилтныг бэлтгэж, тусдаа төсвөөр цалинжуулах ч шаардлагагүй, ногоон хоттой болох боломж байна. Моддын оройг хүртэл услаад өгөх жолооч нарын хосгүй чадварыг ашиглавал шүү дээ.
Япон Улсад ажиллаж, амьдардаг хоёр монгол залуу зам дагуу ил байдаг зоогийн газарт хооллоод сууж байхад хажуугаар нь өнгөрөх нэгэн машин маш удаан яваад эхэлж гэнэ.
Залуус, “машин нь асахаа больчихож” хэмээн бодоод, монгол хүний тусч сэтгэлээр хандан араас нь түрж өгсөөр явуулжээ. Гэтэл араас нь ирсэн хэд хэдэн машины хурд нь мөн адил саарсан бөгөөд хоёр залуу бүгдийг нь түрж өгөв.
Төд удалгүй, эхэнд явсан машин дахин удаанаар зөрж, залуус дахин түрэхээр босоход, японы жолооч “Уучлаарай, та нарыг ил хоол идэж байгаа учраас тоос босгохоос сэргийлж хурдаа сааруулж байна. Төвөг удаж байгаад хүлцэл өчье” гэжээ.
Манай нийслэлийн иргэд “Их хотын соёл”, “Хөгжлөөр жигүүрлэсэн он жилүүд” гэх үгээр хэчнээн лоозогнов доо. Тэрхүү соёлыг түгээх зорилгоор сархадын сурталчилгаа, дуу, бүжиг, хувцас үйлдвэрлэл гээд мөн ч олон үйл ажиллагааг зохион байгууллаа. Нэг л түгж өгсөнгүй.
Хотын соёл нэрэн дор дэндүү хол зэрэглээтэх зүйлсийг эрэлхийлэх бус ердөө “Хүндлэл” гэх ухамсрын дэвшлийг хувьдаа хэвшүүлэхэд л улс орон минь соёлоор цэцэглэх болов уу хэмээн дүгнэлээ.
Жолооч танаас, гудамжид ил хооллож байгаа нэгнээ тоосноос хамгаалахгүй юмаа гэхэд бүтэн улирлын турш тойрч зугтсан шавхайг нь “сайн дураар” хүртээхгүй байхыг л хүсье.