Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн түгжрэл нэмэгдэж нийслэлийн иргэдийн ихэнх нь хичээл, ажлаасаа хоцорч байгааг өглөө бүр харж байна. Хотын захиргаанаас бүсчлэл бий болгох санаачлага гаргасан ч иргэдийн бухимдал, эсэгргүүцэлтэй тулгарч, түр хугацаагаар хойшлуулаад буй. Мөн дугаарын хязгараалалт, зарим уулзварын тоог нэмж, явган зорчигчийн гарцыг цөөлөх арга хэмжээ авч байгаа боловч төдийлөн үр дүнгээ өгөхгүй байгаа юм. Замын түгжрэлийг бууруулах ямар гаргалгаа байгаа талаар нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүхээс тодрууллаа.
-Замын хөдөлгөөн бараг зогсолтод ороод байна. Нийслэл түгжрэлийг бууруулах дорвитой ажил хийх үү?
Нийслэлийн замын түгжрэл хэрээс хэтэрсэн. Улаанбаатар хотод 1.6 сая хүн амьдарч байгаагаас 1.2 сая нь ямар нэгэн байдлаар замын хөдөлгөөнд оролцож, 500 гаруй мянган машин замын хөтөлгөөнд оролцдог. Энэ бүхнийг судлахад нийслэлийн замын хөдөлгөөн “0” зогсолт хийх нь тодорхой болсон. Тиймээс нийслэлийн зүгээс бүсчлэлийн систем оруулах санал гаргасан юм. Ингэснээр өнөөдөр та машинаараа яв, маргааш би явъя гэсэн дарааллын систем бий болно. Энэ системийг иргэд сайн ойлгоогүй. Бүсчлэлийн систем нь баян, ядуугийн ялгаа үүсгэнэ, татвар нэмэгдэнэ зэргээр сөрөг мэдээлэл их явсан. Сошиал орчинд санал явуулахад 10 мянган хүн оролцож, 40 хувь нь л дэмжсэнээр бүсчлэлийн системийн хэрэгжилт түр хойшилсон юм. Гэхдээ сүүлийн үед, түгжрэлийн асуудал хурцдаад ирэхээр иргэдээс “Бүсчлэлийн системээ хэрэгжүүлээч” гэсэн санал их ирж байна. Тиймээс энэ асуудлыг эргэж харахад хүрч байгаа. Иргэдэд энэ талаар мэдээлэл өгч, хэрэгжүүлэх талаас нь ажиллаж байна.
АВТО ЗОГСООЛЫГ 15 МЯНГА БОЛГОХ БОЛОМЖТОЙ
-Бүсчлэлийн системийг хэрэгжүүлэхээр авто зогсоол хангалттай байж чадаж байна уу. Иргэдийн зүгээс автомашины зогсоол хангалтгүй үед бүсчлэлийг дэмжих боломжгүй гэсэн санал их гарсан?
-Одоогоор Их тойруу, Бага тойруу орчимд 2800 гаруй зогсоол бий. Үүнийг 15 мянга орчимд хүргэх боломжтой. Автозогсоолын тоог нэмэх ажил зогсоогүй, үргэлжилж байгаа. Түүнчлэн орц, гарц нэмж, нэг чиглэлийн хөдөлгөөнийг нэмэгдүүлж байгаа. Мөн олон шинэ зам тавьж байна. Тухайлбал, зуны улиралд түгжрэл ихтэй байдаг лагерийн зам буюу Хайлааст, Дарь-Эх чиглэлийн замыг шинэчлээд нээхэд бэлэн болсон. Зам ашиглалтад орсноор замын хөдөлгөөний ачаалал 20-30 хувиар буурна. Мөн Сонсголонгийн гүүрийг 37-38 жилийн дараа шинэчиллээ. Замын цагдаагийн гүүр шинээр баригдаж байна.
Хэдийгээр бид замыг шинэчилж, өргөтгөж байгаа ч түгжрэлийг бодитоор бууруулахгүй байгаа тул бүсчлэлийн системийг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. Тиймээс бүсчлэлийн системийг хэрэгжүүлэх саналыг ойрын хугацаанд дахин сөхөх төлөвлөгөөтэй байна.
АВТОБУСНЫ 80-90 ХУВЬ НЬ ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ
–Энэ жил автобусны тоог нэмэх үү. Их ачааллын үед иргэд автобусанд багтаж ядаж байна. Дээрээс нь нийтийн тээврийн үйлчилгээ маш муу гэж шүүмжилдэг?
-Нийслэлд 1200 троллейбус, автобус үйлчилдэг. Ажлын өдөр 960-980 автобус, амралтын өдөр 700 орчим автобус үйлчилж байгаа. Гэхдээ автобуснуудыг 2020-2021 онд шинэчлэхгүй бол 80-90 хувь нь шаардлага хангахгүй байгаа. Манайд 2009 оноос хойш парк шинэчлэлт хийгдээгүй. Тиймээс парк шинэчлэлийн асуудал тулгамдаад байгаа. Шинэчлэлийг түргэсгэхээр бид ажиллаж байна.
–Татвар төлөөгүй машин замын хөдөлгөөнд оролцох нь бий. Бүсчлэлийн үеэр бас татвараа төлөөгүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй гэдэг асуудал яригдсан. Энэ асуудлыг яаж зохицуулах вэ?
-Татвараа төлөөгүй жолоочдоос найман тэрбум төгрөг төсөвт төвлөрөх тооцоолол байна. Бүсчлэлийн системд орсноор бүх жолооч нар татвараа төлөх юм. Учир нь, татвар төлсөн жолооч бүсчлэл рүү орох юм. Үүнээс биш илүү татвар төлсөн нь хотын төв рүү орно, бага төлсөн нь хотын захаар явна гэсэн үг биш.
-Явган хүний гарцыг цөөлөх талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл хийсэн. Үүнд нийслэл ямар байр суурьтай байна вэ?
-Явган хүний гарц байх шаардлагатай. Гэхдээ явган хүний гарцыг гүүрэн болон нүхэн хэлбэрээр шийдэхээр ажиллаж байгаа. Ингэснээр явган зорчигчид аюулгүй зорчих боломжтой болох юм. Энэ ажил ирэх жилийн төсөвт тусгагдаад, хэрэгжээд эхэлнэ.
НАЛАЙХЫН ЗАМЫН ТОНОГЛОЛЫГ ИРЭХ ХАВАР ХИЙНЭ
-Налайхын зам төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орж чадах уу. Иргэд үүнд их эргэлзэж байна?
-Улаанбаатар хотод 2019 онд замын бүтээн байгуулалт олон хийж байна. Үүний нэг нь Налайхын зам. Дөрвөн эгнээ, хоёр урсгалтай замыг барихаар 500 гаруй хүн 24 цагаар ажиллаж байна. Чанар, стандартыг чанад мөрдөж, нэг хятад, туслах таван монгол компани тэнд ажиллаж байгаа. Налайхын замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээж, ирэх хавар замын тоноглолыг хийнэ.
Эх сурвалж: news.mn
|