Өмгөөлөгч Б.Баасанцогтын цагдан хорих хугацааг нэг сар сунгалаа

Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн яллагдагч Б.Баасанцогтын цагдан хорих хугацааг 1 сарын хугацаагаар сунгуулах тухай саналыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 05 дугаар сарын 02 -ны өдөр хүлээн авч, Нийслэлийн прокурор болон яллагдагчийн өмгөөлөгч П.Одонтунгалаг, Г.Болдбаяр, Т.Батдорж нарыг оролцуулан хянан хэлэлцжээ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “Урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн”, мөн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Яллагдагчийн хувийн байдлыг харгалзан шаардлагатай бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгана” гэсэн хуулийн заалтуудыг үндэслэн цагдан хорих 1 дүгээр хугацааг 1 сарын хугацаагаар буюу 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл сунгаж шийдвэрлэлээ. Урьд нь шүүхээс түүнийг энэ үндэслэлээр 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 5 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл яллагдагчаар цагдан хорьсон юм. Яллагдагч Б.Баасанцогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг / Биеэ үнэлэхийг зохион байгуулах/ мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/ заасан зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан прокурорын шатанд хэргийг хянаж байгаа аж.

Сануулахад: Өмгөөлөгч асан Б.Баасанцогт нь нэр бүхий шүүгч нартай бүлэглэн хууль бус биеэ үнэлэлт зохион байгуулсан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн болон цагдаа, тагнуул, шүүгч, шүүхийн тамгын газрын ажилтнуудад их хэмжээний мөнгө шилжүүлэх замаар шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлсөн гэх хэргээр шалгуулж буй юм.

Мөн тус хэрэгт холбогдоод буй зарим шүүгчийг ажлаас нь чөлөөлөөд буй билээ.

Д.Гэрэлээ