Өчигдөр зарим оронд төрсөн ахан дүүс бие биестээ ачлал энэрэл санах хийгээд сахих билэгт нэгэн өдөр тохиосон бол, өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр.
“Хэвлэлийн эрх өлөө бол хөндөшгүй, халдашгүй зүйл”, “Бидний эрх чөлөө -хэвлэлийн эрх чөлөөнөөс хамааралтай”, “Хэвлэлийн эрх чөлөөг үгүй хийхгүйгээр өнгөлөн хязгаарлах боломжгүй”, “Хэвлэлийн эрх чөлөө бол улс орны аюулгүй байдлын үндэс мөн” гэх зэргээр хэлэх ярих, бичих туурвих чөлөөтэй байх хичнээн чухал болохыг дурдсан сануулсан цэцэд мэргэдийн үг зөндөөн бий.
Ийм өдөр бид юуг онцлон ярих ёстой вэ? Сайн сайхан бичих ярих сэдэв бишгүйдээ бий ч, улс орны баттайгаар оршин тогтнох үндэс суурийг мэрсэн төрийн өндөр дээд түвшинд олон жил бугшсан авлига, хээл хахууль, эх орны эргэн тойронд бугласан газар шороо, баялаг бүхнийг тоносон онц ноцтой хэрэг явдлыг илчлэн бичихээс, ард иргэд үгээ хэлж, эр зоригоо нэгтгэхээс өөр үнэтэй зүйл, үгүйлэгдсэн юм өнөөдөр бараг алга.
Барагдашгүй баялагтай мөртлөө дийлдэшгүй өртэй байдгийн учир юу вэ? Дийлэнхээрээ ядуу байдгийн учир юу вэ? Дэлхий дахинаараа улс орныг минь ядуу буурай орон гэцгээх болсны учир шалтгаан хаана байна? “Ядуу орон гэдэг хөгжил сулдаа тийм болоогүй, хуу мөлжүүлсэндээ ийм болсон юм” гэсэн ерөнхий онош манайд бараг таараад байх шиг.
Монгол орон минь гэнэтхэн ийм болчихоогүй, олон жилийн урхаг угшилтай. Өнөөдөр харин авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй эрс тэмцэх санаа бодол лав л засгийн газрын тэргүүнд байх шиг санагддаг. Харин УИХ-ын хавьцаа байна уу, үгүй юу? Авлигатай тэмцэх биш аль болохоор аргацаагаад өнгөрөөх бодол тэдэнд байгаа юм биш биз гэж олны яриад байгаа үг хэр ортой вэ? Түмний итгэл алдарвал, төр засаг хүчгүй болдог. Түмнийхээ сэтгэлийг хураасан төр хүчтэй байдаг. Өнөөгийн Засгийн газар, Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдад олон жил бугшиж, бүр бэхжсэн авлига, амташиж бүр гаршсан авллигачидтай тэмцэх хүсэл эрмэлзэл, эр зориг байгаа бол түүн шиг сайн зүйл, өнөөгийн Монголд чухам ус агаар шиг хэрэгтэй юм гэж өөр хаана юу байх билээ! Улс орныхоо хишиг буяныг тэгш жигд хүртэж чаддаг эзэн нь байя гэсэн хүн бүхэн дэмжихээс өөр аргагүй.
Хүний сэтгэл тэнийж, хурын хөл даган цэцэг ногоо соёолон дэлгэрэх найртай зуны тэргүүн сарын энэ өдрүүд хичнээн сайхан ч гэлээ, дэлхийн энэтээ тэртээд тийм ч аятай таатай бус, амар тайвангүй л байх юм. Энэтхэг, Пакистанд хүний амь тээж, амьд үлдэх хязгаарын туйл ямар байдгийг сорьж үзэх гэсэн мэт шүдэнз зуралгүй ноцом аагисан халуун шатаж байхад, өөр хаа нэгэнтээ хар шуурга дэгдэж, үерийн ус оволзож байх жишээтэй. Яагаад ингэв гээд хэргийн учрыг хөөвөл, ганцхан шалтгаантай, дэлхийн дулаарал л гэнэ.
Дэлхийн хүн ард ч амар тайвангүй л байна. Тавдугаар сарын 9 гэхэд, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украины эсрэг албан ёсоор дайн зарлана, “цэргийн тусгай ажиллагаа” нь албан ёсоор дайн болж шатлан тэлнэ хэмээн өрнөдийн зарим томоохон хэвлэл мэдээллийнхэн зарлаад эхэлсэн нь зайлшгүй биш ч, заавал нэг учиртай биз. Монгол орон, монгол хүний хувьд, дэлхийн энд тэндгүй тэртэй тэргүй өрнөж байгаа аюул занал, “цустай, цусгүй дайн”-ы хор хөнөөл, хал бал багахан шиг байгаасай билээ, хүндэрч зүдэрсэн эх орноос минь холуур тойруу өнгөрөөсэй билээ л гэж монгол эх болгон залбирч байна гэхэд хилсдэхгүй.
Монгол хүн хирээ мэдэж, бяраа таниасай гэдэг, дайны хажуугаар дажин бүү болоосой гэдэг, хий битгий хөөрцөглөөсэй гэдэг, тэрүүгээр өнгөрөх гайг үүгээр битгий дуудаасай гэдэг, муу юмыг урьж залж, угтаж битгий хөөрөөсэй гэдэг. Өвгөд дээдсийн минь саруул ухаан, билэг сургаал өнөөдрийн биднийг хазаарлаасай билээ, хамгаалаасай билээ.
Сайн үйлс мөнхөд оршиг.
До.Чулуунбаатар. 2022. 05. 03