“Улаанбаатар” олон улсын кино наадам шилдгүүдээ тодрууллаа

Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын кино урлагийн зөвлөл, Швейцарын хөгжлийн агентлаг, Бүгд Найрамдах Франц улсын Элчин сайдын яам, Монгол дахь Гёте институт, Австралийн Элчин сайдын яам, “Номадиа пикчерс” ХХК-тай хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, Дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой “Улаанбаатар” олон улсын кино наадмыг 11 дэх жилдээ аравдугаар сарын 14-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Тэгвэл 11 дэх удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам өчигдөр орой “Тэнгис” кино теарт шилдгүүдээ тодрууллоо. Энэхүү үйл ажиллагааг нээж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц хэлсэн үгэндээ “Юуны өмнө кино наадамд оролцож байгаа таван орны уран бүтээлчиддээ Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хамт олны нэрээс өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, амжилт хүсье. Кино урлаг гэдэг нийгмийн толь байдаг. Кино урлагаар дамжуулж, нийгмийг соён гэгээрүүлж, нийгэмд эерэг зөв мэдээллийг хүргэх боломж бүрддэг. Энэ жилийн кино наадам Нийслэл хотын 380 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлогтой байна. Нийт кино уран бүтээлчиддээ ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээлээ.

Энэ жилийн кино наадмын “Шилдэг зохиол”-оор Г.Эрдэнэбилэг “Хийморь”, “Шилдэг найруулагч”-аар Ж.Сэнгэдорж “Би нар”, “Шилдэг профессор”-оор Д.Ганцэцэг, А.Ганчимэг “Халуун зүрх”, “Шилдэг уран сайхны кино”-оор Ж.Сэнгэдорж “Би нар” кинонууд тус тус шилдгээр шалгарч, “Хангарди” шагналын эздээр тодорлоо.

Мөн энэ үеэр Нийслэлийн засаг даргын Тамгын газраас Монголын кино урлагийн салбарт оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж, Монгол Улсын Ардын жүжигчин, кино найруулагч, зохиолч Г.Жигжидсүрэнг “Хангарди” шагналаар шагнасан юм.

“Улаанбаатар” олон улсын кино наадам нь Монголын уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх, олон улсын түвшний чанартай уран бүтээл туурвихад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс