Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9-д “Орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн зургадугаар сарын гурав дахь долоо хоногийн Ням гаригт улс даяар нэгдсэн журмаар явуулна” гэж заасан. Энэ дагуу 2022 оны зургадугаар сарын 19-ний өдөр 15 аймгийн 40 сум, Нийслэлийн 2 дүүрэгт аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн нөхөн болон дахин сонгууль явагдана.
Нөхөн болон дахин сонгуульд нийт 52 мандатад 94 нэр дэвшигч хуульд заасан хугацаанд аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороодод бүртгүүлжээ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.10-т заасны дагуу 2022 оны зургадугаар сарын 4-ний өдөр аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороодоос нэр дэвшигчийн үнэмлэхийг олгох ажлыг зохион байгуулсан байна. Нэр дэвшигчид үнэмлэх олгосноор нөхөн дахин сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх бөгөөд энэ сарын 17-ны өдрийг дуустал үргэлжлэх аж.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны нөхөн болон дахин сонгуулийн бэлтгэл хангахтай холбоотойгоор Сонгуулийн ерөнхий хороо мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр ханган ажиллаж буй ажээ.