Балканы хойгийн Болгар улсын засгийн газар ОХУ-ын 70 дипломатчийг нутаг дэвсгэрээсээ хөөхөөр болжээ. Товчхондоо Софи хот дахь ОХУ-ын элчин сайдын яамны ажилтнуудын талаас илүү хэсгийг гэсэн үг.
Тус улсын ерөнхий сайд Кирил Петков “Болгар улс Оросын 70 дипломатчийг нутаг дэвсгэрээсээ албадан гаргахаар боллоо. Тэднийг манай улсын ашиг сонирхлын эсрэг ажилладаг болохыг тусгай албад тогтоосон. Болгар улсын ашиг сонирхлын эсрэг ажилласан бүгд нутаг буцах ёстой. Бид 70 суудал дүүрэн нисэх онгоц Москва руу нисгэх гэж байна” гэсэн юм.
Оросын дипломатчидын тус улсаас гарах сүүлчийн хугацаа долдугаар сарын 3-ны өдөр болохыг гадаад хэргийн яам нь мэдээлсэн агаад Украинд Оросын цэрэг халдан довтолсноос хойш Европын олон улс орон Москвагийн дипломат ажилтнуудыг нутаг буцаасан юм. Мөн 2019 онд Оросын дипломатчид Болгарт тагнуулын ажиллагаа явуулдаг гэх дуулиан дэгдэж, өнгөрсөн хугацаанд тус улсын элчин сайдын яамны 20 ажилтныг нутаг дэвсгэрээсээ хөөж байсан юм.