Монгол Улсын дээд шүүх “Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх нь” сэдвээр чөлөөт уулзалтыг өнөөдөр/2022.06.30/ зохион байгуулав. Уулзалтад Улсын дээд шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг болон сэтгүүлчид оролцлоо.
Шүүхээс “Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх арга зүйг тодорхойлох” ажлын хэсгийг байгуулсан байна. Уг ажлын хэсгийн ахлагчаар шүүгч Д.Мөнхтуяа томилогджээ.
Ажлын хэсгийн ахлагч Д.Мөнхтуяа Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу шүүхийн шийдвэрийг мэдээлэх талаар танилцуулж, шүүхийн мэдээллийг олон нийтэд хүргэхэд тулгамдаж буй асуудлын талаар сэтгүүлчидтэй санал солилцов.
Сэтгүүлчид шүүх хуралдааны үеэр танхимаас мэдээлэл авах боломжоор хангах, шүүхийн бүх төрлийн шийдвэрийг үндэслэл бүхий энгийн, ойлгомжтой, шуурхай мэдээлэх болон эрх зүйгээр мэргэшихэд хамтран ажиллах зэрэг саналыг уламжлав.
Мөн шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн эзэн холбогдогчийн нэрийг нууцлахгүй ил тод болгох боломжтой эсэх талаар тодруулсан юм.
Улсын дээд шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа сэтгүүлчидэд тулгамддаг асуудлыг шүүхийн мэдээллийг ил тод болгохоор боловсруулж буй журамд тусгана гэдгээ энэ үеэр хэллээ.
Түүнчлэн шүүхийн шийдвэр гарсан аж ахуй нэгж, байгууллага, хувь хүний мэдээллийг шүүхээс дэлгэрэнгүй өгөхөд татгалзах зүйл байхгүй. Гэвч шүүх хуралдааны үеэр тухайн аж ахуй нэгж, хувь хүн шүүхийн шийдвэрийг нууцлах хүсэлт гаргавал шүүх хангадаг. Учир нь хувь хүний нууц, аж ахуйн нэгжийн нэр хүндийн асуудлууд хөндөгддөг тул хүсэлтийг нь хангаж нууцлахаас өөр аргагүй байдаг талаар хэлсэн юм. Тодруулбал: Шүүхээр хэрэг нь шийдвэрлэгдэж буй хувь хүн, аж ахуй нэгжүүд шүүх хуралдааны үеэр шүүхийн шийдвэрийг нууцлах хүсэлт гаргавал ихэвчлэн хангаж шийдвэрлэдэг байна.
Түүнчлэн шүүхээс шүүхийн шийдвэрийг ил тод болгохоор олон улсын туршлага судлаж байгаа бөгөөд журам, баримт бичгийн төсөл боловсруулахад сэтгүүлчдийн саналыг тусгаж, хамтран ажиллахаа илэрхийлэв.