- Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 22 гишүүнээс 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуй үйлдвэрлэлийг дэмжих “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав.
Хүнсний аюулгүй байдлыг хангахад дотоодын газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр зах зээлийг хангах боломж, чадавхийг нэмэгдүүлэх ихээхэн ач холбогдолтойг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдаад манай улсын хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэсэн мах, махан бүтээгдэхүүнээр 97.0 хувь, төмсөөр 100 хувь, гурилаар 98.3, хүнсний ногоогоор 60.7 хувийг хангаж байна гэв.
Мөн тэрбээр, сүүлийн жилүүдэд дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадал сайжирч, хүнсний хангамж нэмэгдэж байгаа боловч хүнсний аюулгүй байдал алдагдаж, хүнснээс хамаарсан өвчлөл, хүнсний хорлогод өртөгсдийн тоо ихээхэн нэмэгдэж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналтын итгэмжлэгдсэн лабораториудын нэгдсэн сүлжээний хэмжээгээр 2020 оны байдлаар хүнсний хими, нян судлал, хор судлал, ургамал хорио цээр, цацрагийн бохирдлын чиглэлээр 310.5 мянган үзүүлэлтээр шинжилгээ хийснээс 6.7 мянган сорьц Монгол Улсын стандартын шаардлага хангаагүй, бохирдлын түвшин 2.1 хувь байна гэж үзжээ. Төрийн аудитын газраас хийсэн Хүнсний аюулгүй байдлыг хянах өнөөгийн тогтолцоо, төсвөөс зарцуулсан хөрөнгийн үр дүнд хийсэн гүйцэтгэлийн тайлангаас үзвэл Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, урт болон дунд хугацааны хөгжлийн баримт бичиг, үндэсний хөтөлбөрүүдэд зорилт, арга хэмжээг хэсэгчлэн тусгасан боловч шалгуур үзүүлэлт, суурь түвшин, хүрэх түвшнийг оновчтой тодорхойлоогүйгээс зорилт, арга хэмжээ бүрэн хэрэгжээгүй, үр дүнд хүрээгүй байна. Мөн гол нэрийн зургаан төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байгаа боловч импортын хамаарал 42.1 хувь буюу хүнсний бие даасан байдал алдагдсан хэвээрээ байна гэв.
Иймд Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр Байнгын хорооны түвшинд судалж, нэгдсэн бодлого шийдвэр гаргах шаардлагатай байгаа тул “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан гэдгийг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа онцолсон.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх санал хураалтыг явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ.
Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.