Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцсэний нэг нь Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлэг байв.
Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулав. Тэрбээр, Төрийн аудитын тухай хуульд заасан Үндэсний аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд Төсвийн тухай хуулийн дагуу Төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийсэн. Эдийн засгийн байнгын хорооны харьяа зургаан төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд аудит хийж, дөрвөн байгууллагад “зөрчилгүй”, хоёр байгууллагад “хязгаарлалттай” дүгнэлт өгсөн гэдгийг танилцуулгын эхэнд дурдлаа.
Аидитын газрын дарга Д.Занданбат: Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 56 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 46 байгууллагад дүгнэлт гаргаж, 7 байгууллагыг аудитын түүвэрт хамруулж, 3 байгууллага аудит хамрагдаагүй байна. Дүгнэлт гаргасан байгууллагаас 37 байгууллагад “Зөрчилгүй”, 7 байгууллагад “Хязгаарлалттай”, нэг байгууллагад “Сөрөг” дүгнэлт өгч, нэг байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзсан. Аудитаар нийт 333.4 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 324.6 тэрбум төгрөгийн 66 алдааг залруулж, 0.7 тэрбум төгрөгийн 28 зөрчилд төлбөрийн акт, 3.5 тэрбум төгрөгийн 63 зөрчилд албан шаардлага, 2.2 тэрбум төгрөгийн 6 зөрчилд хариуцлага тооцуулах санал, 2.4 тэрбум төгрөгийн 92 зөрчилд зөвлөмж өгсөн байна. Нийт алдаа, зөрчлийн дүн өмнөх оноос 121.4 тэрбум төгрөгөөр буурсан гэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж. Бат-Эрдэнэ “Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байгаа юм байна. Цаашид яамдуудад хийгдсэн аудитын дүгнэлтэд үндэслэж хийсэн дүгнэлтээ ч бас хамт оруулж ирдэг болмоор байна. Бид ҮХ хэлэлцэж байгаад ЭЗХЯ-ыг шинээр байгуулсан. Тиймээс эдийн засгийн хөгжлийн яам бүх яамдын санхүүг бүхэлд нь харж хэрхэн яаж ажиллах ёстой чиглэлээ сайн барьж ажиллах хэрэгтэй байна.
Сая аудитын дарга Зам тээврийн яамны харьяа гурван байгууллагад аудит ороогүй гэж байна. Энэ яагаад ороогүй юм. Нэр усыг нь хэлж болдоггүй юм уу Занданбат даргаа. Нэг байгууллага, хоёр байгууллага гээд л уншаад байх юм тийм нууц юм уу. Бүгдийг нь гаргаж танилцуул л даа.
Бас нэг байгууллагад дүгнэлт өгөхөөс татгалзлаа гэж байх юм. Энэ яасан юм. Бүр хангалтгүй гэсэн үг үү. Монголын төмөр зам дээр жил бүр урд хийгдсэн болон Дарханы төмөр зам дээр хийгдсэн ажлуудыг нь хүлээж авахгүй явсаар ирсэн. Тэр асуудал шийдэгдсэн үү.
Хоёрдугаарт нүүрсний тээвэрлэлттэй холбоотой асуудлууд байна. Ерөнхий сайд хүртэл хэлээд байгаа. Амаар хэлж байгаа нүүрсний хэмжээ урагшаа гаргаж байгаа нүүрсний хэмжээ маш их зөрүүтэй байгаа гэж. Тээврийн байгууллагад тэгтлээ их үнийн өсөлт үүсээд тээвэрлэлтийн үнээ нэмээд байгаа юм уу. Тээврийн хөлс нэмэгдэж байгаа бол зөвхөн шатахуунтай холбоотой үнийн өсөлт нэмэгдэх байх. Гэтэл нүүрсний үнэ нугарах хэмжээний асуудал яригдаж байна. Энэ дээр дүгнэлт хийсэн юм уу.
Мөн Эрдэнэставантолгой компаниас нэлээдгүй мөнгө төмөр зам руу орсон үүнийг бас үзэж харсан уу. Эсвэл улсын нууц гээд аудит оруулахгүй байгаа юу.
Түүнчлэн алдаа гаргасан албан тушаалтан, ажилтнуудтай хариуцлага тооцох гэдэг асуудлыг жил бүр та нараас сонсож байна. Та нар алдаа дутагдал гаргасан албан тушаалтнуудад хэрхэн хариуцлага тооцдог болгох талаар санал өгвөл бид түүнийг чинь хуульд нь оруулаад өгье гээд хэлээд л байгаа. Гэвч оруулж ирэхгүй байна. Алдаа гаргасан албан тушаалтан, ажилнуудад хариуцлага тооцдог болгохыг та бүхэн хүсэхгүй байгаад байна уу’ гэсэн асуултуудыг асуусан юм.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэний асуултад Аудитын газрын дарга Занданбат дараах хариултыг өгөв. Зам тээврийн яамны харьяа ИНЕГ-ын Иргэний нисэхийн аюулгүй байдлын хамгаалалтын алба татан буугдсан. Мөн ИНЕГ-ын Булган, Дундговь аймгийн нисэх буудлууд нь өөрчлөн зохион байгуулагдсанаас аудитад хамрагдаагүй. ИНЕГ-ын Сэргээн засах төвд татгалзсан дүгнэлт өгсөн. Учир нь санхүүгийн нотлох баримтын бүрдэл хангалттай биш байсан.
Эрдэнэс тавантолгойн бүтээн байгуулалтад тусдаа аудит хийгдэж байгаа. Намар УИХ-д хүргүүлнэ.
Албан тушаалтанд тавих хариуцлагын асуудлаар манай дээр байгаа хуулийн зохицуулалтаар зөвлөмж, албан шаардлага хүргүүлдэг. Уг албан шаардлага, зөвлөмжийн биелэлт хангалтгүй байх юм бол дээд албан тушаалтнуудад хариуцлага тооцдог байгаа. Нийт 256 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар санал хүргүүлсэн байгаа’ гэв.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: Юу гэж та хариуцлага тооцох юм бэ. Танайхаас нэг бичиг явуулаад сайд, дарга дээр очоод тухайн бичиг нь алга болчихдог бол та өнөөдөр ингэж суух хэрэг байхгүй шдээ.
Монголын төмөр замын асуудлыг хариулсангүй шдээ. Монголын төмөр замын гүйцэтгэл дутуу байгаа шүү дээ. Ямар ажил гүйцэтгэсэн нь тодорхой бус, гүйцэтгэл дутуу байгаа. Гүйцэтгэл дутуу байна гэдэг чинь но байгаа л гэсэн үг шүү дээ. Энэ асуудалд тодорхой мэдээлэл өгмөөр байна гэв.
Аудитын газрын дарга Д.Занданбат Төрийн өмчит байгууллагуудад манайх нэг бүрчлэн очиж аудит хийж байгаа. Таны энэ асуултад хариуцсан дарга нь хариулвал нарийн мэдээлэл өгөх байх гэсэн юм.
Санхүүгийн аудитын газрын дарга н.Наранчимэг: Монголын төмөр зам дээр ажил гүйцэтгэлийн материал хүлээж авах асуудал дээр хоёр жил хязгаарлалттай санал дүгнэлт өгсөн байгаа гэв.