АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Ненси Пелоси Тайванийн удирдагч Цай Ин Вэнтэй уулзана

АНУ-ын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси, Ази тивийн орнуудад хийж буй айлчлалынхаа хүрээнд Тайваньд айлчилж байна. Тэрбээр өнөөдөр Тайванийн удирдагч Цай Ин Вэнтэй уулзах аж. Мөн Тайваний парламентын хуралд ч суух юм байна.

Тэрбээр өчигдөр /2022.08.02/ орой Тайваний Тайбэй хотын төвд байрлах Соншан нисэх буудалд бууснаар түүний албан ёсны айлчлал эхэлсэн билээ. Түүнийг Тайванийн Гадаад хэргийн сайд Жозеф Ву, АНУ-ын Тайвань дахь төлөөлөгч Сандра Оудкирк нар угтан авсан.

Пелосиг хүлээж авсан хууль тогтоогчид Тайвань болон АНУ-ын төрийн далбааны өнгөтэй амны хаалт зүүцгээж, баглаа цэцэгтэй угтсан юм.

Энд дуулгахад, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Тайваньд айлчилж байгаатай холбоотойгоор БНХАУ, Тайванийн хоорондын харилцаа хурцадсан. Айлчлалтай холбоотойгоор БНХАУ-ын Гадаад хэргийн яам шийдэмгий эсэргүүцэл илэрхийлсний дээр энэ айлчлал нь “нэг Хятад’ бодлогын зарчимтай харшилдаж байгааг онцолсон юм.

Харин Цагаан ордны албаныхан хэлэхдээ, Пелосигийн айлчлал нь АНУ-ын Тайваньд баримталж буй бодлоготой нийцнэ гэжээ. Мөн аливаа хариу арга хэмжээ авахгүй байхыг БНХАУ-ын талд анхааруулсан билээ.

Эх сурвалж: BBC, CNN, REUTERS, TRENDING TODAY