Нэхэмжлэгч Анар /иргэний нэрийг өөрчилж бичсэн болно/ хариуцагч банканд холбогдуулан, зээл олгохдоо зээлийн дүнгийн 1 хувийн шимтгэл авахаар заасан гэрээний заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, шимтгэлд суутгасан 559 мянган төгрөгийг банкнаас гаргуулах, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, зээлийн хүүд төлсөн 10,665,213 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Тэрээр 55.9 сая 0 төгрөгийг, 60 сарын хугацаатай, жилийн 27.6 хувийн хүүтэй банкнаас зээлсэн байна.
Банк уг зээлийг олгохдоо зээл олгосны шимтгэлд 559 мянган төгрөгийг суутгажээ. Анар зээлийг дансандаа хүлээн авмагцаа өөр банкнаас авсан зээлээ хаахаар шилжүүлсэн байна.
“Банк зээл олгохдоо 559 мянган төгрөгийг шимтгэлд суутгасан нь хууль зөрчсөн, …55,900,000 төгрөгийг өөр банкны зээлийг хаах гэж байгааг Банк мэдэж байсан, … зээлийг зориулалтын дагуу ашиглах боломжийг олгоогүй, … иймд Банк уг зээлийн хүүг авах эрхээ алдсан” гэх зэргээр маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. Анарын гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг хянаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангажээ.
1. Анар нь зээлийн гэрээнд гарын үсэг зурж талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа бодитой үүссэн тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй. Түүнчлэн Банкнаас олгосон зээлийг нэхэмжлэгч Анар нь өөрийн хүсэл зоригоор өөр банкны зээлээ хаахаар өөрөө шилжүүлсэн байна. Банкны зүгээс иргэн Анарт 55,900,000 төгрөгийг түүний дансанд шилжүүлж өгснөөр зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн байх тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй, зээлийн хүүд төлсөн 10,665,213 төгрөгийг Банкнаас буцаан гаргуулах үндэслэлгүй.
2. Харин Банк нь зээл олгосны шимтгэлд зээлийн 1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийг суутган авахаар зээлийн гэрээнд заасан нь хуульд нийцээгүй тул гэрээний уг заалт хүчин төгөлдөр бус байна. Учир нь, Банкнаас олгох зээл нь “эрх бүхий этгээдээс олгох зээл”-д хамаарах бөгөөд зээл олгосны төлөө зээлдэгчээс үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү авч болохоор хуульд тусгайлан заасан, харин зээл олгохтой холбоотой өөр бусад ямар нэг зардлыг зээлдэгчээр төлүүлэх эрхийг хуулиар Банканд олгоогүй байна.
Зээлийн гэрээнд талууд хэдийгээр гарын үсэг зурсан, сайн дурын үндсэн дээр байгуулсан боловч, Банкнаас зээлдэгчид урьдчилан санал болгосон зээлийн гэрээнд хуулиар эрх олгогдсоноос бусад хураамж, шимтгэл авахаар өөртөө эрх олгосон заалтыг шүүх хүчин төгөлдөр гэж үзэхгүй. Иймд, зээл олгосны шимтгэл суутган авахаар заасан зээлийн гэрээний заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, уг заалтын дагуу шимтгэлд суутган авсан 559,000 төгрөгийг Банкнаас буцаан гаргуулахаар шийдвэрлэв.
Уг шийдвэр хүчин төгөлдөр болоогүй, УДШ-д гомдол гаргажээ.