Монгол, Австралийн Засгийн газар хооронд “Ажиллах болон амрах” визийн зохицуулалтыг хэрэгжүүлэх тухай санамж бичигт өнгөрсөн гуравдугаар сард гарын үсэг зурсан. Санамж бичиг зурагдсанаар Монгол Улсын 100 залуу 2022 оны долдугаар сарын 1-нээс эхлэн Австралид “Ажиллах болон амрах” визээр нэг жилийн хугацаанд ажиллах, аялах үеэрээ дөрвөн сар хүртэлх хугацаагаар суралцах боломж бүрдсэн юм.
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр “Удаан хугацаанд хүлээсэн баримт бичиг бодит ажил хэрэг болж, биеллээ олж буйд бид баяртай байна. Монгол, Австрали хоёр орны залуус хоорондын харилцаа, харилцан ойлголцол, итгэлцэл, соёлын солилцоо цаашид улам бэхжиж, олон монгол залуус Австралид ирж, танай сайхан орны олон үндэстнээс бүрдсэн нийгэм, соёлд өнгө нэмж, нийгэм, эдийн засгийн хөгжилд их хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Мөн австрали залуус Монголд аялж, ажиллан улсын хөгжил дэвшилд үлэмж хувь нэмэр оруулна гэж итгэж байна” гэсэн юм.
Австралийн “Ажиллах болон амрах” визийн хөтөлбөрт Монгол Улс хамрагдсанаар эхний ээлжинд Монгол Улсын 18-30 насны 100 залуу тус улсад ажиллах суралцах эрхтэй болж буй бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилтээс хамаарч цаашид энэ тоо жилээс жилд нэмэгдэх боломж нээгдэж буй.
Одоогийн байдлаар 90 гаруй хүн сонгон шалгаруулалтад орж, 25 хүний виз нь гарсан, 60 хүний хариу удахгүй гарна хэмээн Австралийн Элчин сайд Кэти Смит ХНХ-ын сайдтай уулзах үеэрээ мэдээлжээ.
Тус хөтөлбөрийн виз мэдүүлэхээр төлөвлөж байгаа, холбогдох шаардлага хангасан Монгол Улсын иргэн виз мэдүүлэхээс өмнө Гадаад харилцааны яамнаас захидал авсан байх шаардлагатай. Гадаад харилцааны яамнаас олгох захидлыг авахын тулд дараах материалыг бүрдүүлж, dep10-13@mfa.gov.mn цахим шуудангийн хаяг руу, зөвхөн “pdf” өргөтгөлтэй файлаар илгээх шаардлагатай бөгөөд зохих хариуг ажлын өдрүүдэд 48-72 цагийн дотор тухайн хүний бүртгүүлсэн цахим шуудангаар хүргүүлнэ. Захидал авахад бүрдүүлэх материалын жагсаалт:
- Хүчин төгөлдөр Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортын хуулбар
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна)
- Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна)
- Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна), хэрэв сургууль төгсөөгүй бол их, дээд сургуульд хоёроос доошгүй жил амжилттай суралцсан талаарх сургуулийн тодорхойлолт
- Гадаад харилцааны яамнаас олгох захидлыг зөвхөн холбогдох шаардлага (шаардлагын талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү) болон материалын бүрдлийг хангасан иргэнд олгох болохыг дахин анхааруулж байна.
- Гадаад харилцааны яамнаас олгох захидал нь Австрали Улсын “Ажиллах болон амрах” виз авах баталгаа биш бөгөөд зөвхөн виз мэдүүлэхэд шаардлагатай баримт бичгийн нэг юм.
Австрали Улсын “Ажиллах болон амрах” визийг Монгол Улсын иргэнд олгох эсэх нь Австрали Улсын холбогдох байгууллагын бүрэн эрхийн асуудал учраас Гадаад харилцааны яам виз олголттой холбоотой асуудлаар аливаа гомдол, санал хүлээн авахгүй гэнэ.