Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт илгээх хугацаа маргааш дуусна

Төрийн өмчийн сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт баталгаажуулалт болон нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг E-Mongolia системээр хүлээн авч байна. 2022-2023 оны хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэгт 150 мянга 735 хүүхэд хамрагдах ёстойгоос өнөөдрийн байдлаар 100 мянга 689 хүүхэд хүсэлтээ ирүүлсэн буюу 66.5%-ийн ирцтэй байна.

Харин улсын хэмжээнд нэгдүгээр ангид шинээр элсэн суралцах 78 мянга 98 хүүхэд байгаагаас 21% нь элсэлтээ цахимаар баталгаажуулж, 1.7% нь элсэлтээс татгалзжээ. Цэцэрлэгт хамрагдах хүсэлт наймдугаар сарын 24-ний өдрийн 17:00 цагт хаагдах бөгөөд 2022 оны наймдугаар сарын 25-26-ны хооронд цэцэрлэгийн хуваарилалт хийгдэнэ. Харин 2022 оны наймдугаар сарын 26-аас есдүгээр сарын 09 хүртэл бүртгэлийн баталгаажуулалт хийгдэх юм. Харин энэ бүртгэлээс хоцорсон хүүхдүүд 2022 оны есдүгээр сарын 10-аас эхлэх хоёрдугаар ээлжийн бүртгэлд хамрагдах боломжтой юм.

Монгол Улсын Засгийн газраас хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилгын хүрээнд энэ жил цэцэрлэгийн насны хүүхдүүдийг 8-р сарын 10-24-ны хооронд, 9-р сарын 10-25-ны хооронд, 10-р сарын 3-24 хооронд гэхчилэн гурван ээлжээр бүртгэнэ.

Харин энэ жил ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл наймдугаар сарын 25-ны 17:00 цаг хүртэл явагдана. Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхнийг цагийг нь тулгалгүй, “e-mongolia” системд бүртгүүлэхийг уриалж байна. “e-Mongolia” систем ачаалалгүй хэвийн ажиллаж байна.

ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАХ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ ВИДЕО ЗААВАР: https://www.facebook.com/emongolia/videos/609030673936691

НЭГДҮГЭЭР АНГИД БҮРТГҮҮЛЭХ ВИДЕО ЗААВАР: https://www.facebook.com/emongolia/videos/1120790078790109/