Архангай аймгийн Тариат сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн байр руу энэ сарын 5-6-нд шилжих шөнө нэг хүн ангийн буугаар удаа дараа буудсан хэрэг гарчээ. Орон нутгийн эх сурвалжуудаас авсан мэдээллээр шөнө мотоциклтой хүн цагдаагийн тасгийн байрны ойролцоо 100 орчим метрийн зайтай зогсоод ангийн том буугаар хоёр ч удаа буудчихаад зугтсан гэнэ. Болсон явдлын талаар аймгийн Цагдаагийн газарт мэдэгдсэнээр ажлын хэсэг Тариат сумд өчигдөр очиж шалган гэм буруутай байж болзошгүй хүнийг саатуулсан аж. Уг хэргийг Тариат сумын Бөөрөлжүүт багт оршин суудаг, 38 настай Н.Ш гэх эр үйлдсэн байж болзошгүй гэж цагдаагийнхан сэжиглэн саатуулж шалгаж байна. Тэрбээр айлаас карбин буу, сумтай нь авч явсныг хууль сахиулагчид тогтоож, хэргийн газраас олдсон хонгиотой харьцуулсан шинжилгээ хийхээр болсон байна.
Хэрэгт холбогдоод буй Н.Ш энэ сарын 5-ны үдэш согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсныг цагдаагийн тасгийнхан саатуулж, машиныг нь түр саатуулах хашаанд хийснээс үүдэн ийм үйлдэл гаргасан байж болзошгүйг орон нутгийнхан мэдээллээ.
Монгол Улсын Эрүүгийн хуулиас
23.1 дүгээр зүйл.Хууль сахиулагчийг эсэргүүцэх 1.Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 2.Энэ гэмт хэргийг: 2.1.галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж; 2.2.хууль сахиулах албаны тоног төхөөрөмж, барилга, байгууламжид халдаж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.