Монгол Улс цусны үүдэл эсийг донороос өвчтөнд шилжүүлэн суулгадаг боллоо

Монгол Улсад анх удаа цусны үүдэл эсийг донороос өвчинд шилжүүлэн суулгалаа.  23 настай эрэгтэйд 14 настай төрсөн дүүгээс нь цусны үүдэл эс шилжүүлэн суулгажээ. Энэ талаар ЭМЯ, Улсын нэгдүгээр төв эмнэлгээс өнөөдөр мэдээлэл хийв.

УНТЭ-ийн захирал Б.Хишигжаргал “Улсын нэгдүгээр төв эмнэлэг 1925 онд байгуулагдсан цагаасаа хойш маш олон эмчилгээ, үйлчилгээний технологийг Монгол Улсад нэвтрүүлсэн.  Монгол Улсад цусны үүдэл эс шилжүүлэн суулгах төсөл 2011 онд эхэлж, 2014 онд өвчтнөөс өөрт нь үүдэл эс амжилттай шилжүүлэн суулгаж,  28 хүнд энэ эмчилгээг хийгээд байна. Энэ удаа бид донороос өвчинд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг анх удаа хийлээ” гэж танилцууллаа.

Үүдэл эс шилжүүлэн суулгах багийн ахлагч Н.Оюундэлгэр “Энэ эмчилгээ бол цус судлаач эмч бидний мөрөөдөл, хүсэн хүлээж байсан азтай агшин.  Бид өвчтнөөс өөрт нь үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг 30 орчим хүнд хийгээд байгаа ч нийгмийн эрэлт хэрэгцээ, бидний эрхэм зорилго донороос өвчтөнд үүдэл эс шилжүүлэн суулгах технологи байсан. Бид хийж чадлаа. Өвчтний маань биеийн байдал сайн, шинжилгээний үзүүлэлт хэвийн болж байна.

Бид энэ эмчилгээг хийлгэх дараагийн хүнээ бэлдэж байна. 30 гаруй настай эмэгтэйг сонгож авч, дараагийн ажилдаа ороод байна. Бид зогсохгүй, 2023 онд хүүхдүүдэд энэ технолгиор эмчилгээ хийнэ” гэсэн мэдээллийг өглөө.

 

Үүдэл эс шилжүүлэн суулгасан залуугийн ээж: Миний хүүгийн алтан амийг аварсан УНТЭ, цусны тасгийн эмч нартаа талархсанаа илэрхийлье. Миний хүү 11 дүгээр сард хүнд өвчнөөр оношлогдож, маш хүнд, хүүгээ алдах нь гэж айж байсан. Алтан гартаа эмч нарын буянаар хүүгээ эрүүл болгоод, эмнэлгээс гарч байгаадаа маш их баяртай байна.

 

Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй 26 өвчний жагсаалт бий. Донороос өвчтөнд үүдэл эс шилжүүлэн суулгаснаар энэ жагсаалтын тоо нэгээр багасаж байна.

 

Цустай хавдартай том хүн болон хүүхдүүд гадагшаа явж, донороос үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэдэг.  Сүүлийн 5 жилд 21 иргэн донороос цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэхээр гадаад улсыг зорьсон байна. Харин одоо энэхүү эмчилгээг эх орондоо нутагшуулж, Монголдоо хийлгэх боломжтой боллоо. Уг эмчилгээний зардлын ихэнх хувийг эрүүл мэндийн даатгал хариуцдаг аж.