Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны хүрээнд ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин-ийг хүлээн авч уулзав.
Монгол Улсын Ерөнхийлөгч энэ оны эхээр Жан Мин ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсонд баяр хүргэж, цаашид ШХАБ-тай харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа нотлов.
Хоёр талын уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд 2004 онд ШХАБ-ын ажиглагч орон болсноос хойш тус байгууллагын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын болон бусад уулзалт, арга хэмжээнд тогтмол оролцож, хамтын ажиллагааг оновчтой хэлбэрээр өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж ирсэн гэдгийг хэллээ.
Тэрбээр, Монгол Улс нь ОХУ, БНХАУ гэсэн хоёр том улстай хиллэдэг, мөн Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан худалдаа, тээвэр ложистикийн сүлжээ, ачаа тээврийн урсгал, үйлчилгээний зангилаа болсон “Транзит Монгол” болох зорилтыг тавьж буйг танилцууллаа.
Цаашид ч Монгол Улс ажиглагч орны хувиар тус байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх, ялангуяа бүс нутгийн дэд бүтэц, эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Энэ хүрээнд цаашид “Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгасан төмөр замын төв коридорыг шинэчлэх, зүүн болон баруун коридор шинээр барих, мөн гурван улсыг холбосон хурдны автозам, хийн хоолой барих зэрэг эдийн засгийн үр ашигтай, стратегийн бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулах сонирхолтой байгаагаа онцлон тэмдэглэв.