БАЙР СУУРЬ:Эрдэс баялгийн салбарын ирээдүй

Mining week-ийн хүрээнд зохион байгуулагдсан Mongolian mining-2022 олон улсын хөрөнгө оруулалтын чуулган “Эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа”, “Mine-Gola-г хэн үгүй хийсэн бэ”, “Эрдэс баялгийн салбар ба хөрөнгийн зах зээл”, “Тогтвортой хөрөнгийн зах зээлийн чиг хандлага” гэсэн үндсэн дөрвөн сэдвийн хүрээнд болж өндөрлөлөө.

Ташрамд сонирхуулахад, 2021 оны статистик мэдээллээр уул уурхайн салбар Монгол Улсын төсвийн нийт орлогын 29.6 хувь, ДНБ-ий 24.3 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 75.5 хувь, экспортын 93.1 хувь, аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэлийн 67.3 хувийг эзэлж буй.

Чуулганд оролцсон эдийн засагчид, уул уурхайн салбарын аж ахуйн нэгж, тэдний эздийн байр суурийг тоймлон хүргэе.

О.Батнайрамдал: Шинэ сэргэлтийн бодлогод туссан хөгжлийн төслүүд дөрвөн гол бүтээгдэхүүнд үндэслэж байгаа

/Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд/

Шинэ сэргэлтийн бодлогод туссан хөгжлийн төслүүд дөрвөн гол бүтээгдэхүүнд үндэслэж байгаа. Нүүрсэн дээр өнгөрсөн хоёр жил ковидоос шалтгаалж сорилт олон байлаа. Боомтын сэргэлтийн хүрээнд нэлээд арга хэмжээ хэрэгжүүлсэн. Задгай тээврээс гадна чингэлэг тээврээр гарч байна. Нүүрсний ангиллыг өнөөгийн нөхцөлтэй уялдуулж шинэчилсэн гээд яривал хийсэн ажил их бий. Зэсийн баяжмалын тухайд үйлдвэрлэл хөгжүүлэх зорилтууд шинэ сэргэлтийн бодлогод туссан. Төмрийн хүдрийн тухайд хувийн хэвшилдээ тулгуурлаж үйлдвэрлэл хөгжүүлнэ.

Ташрамд дуулгахад, Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтарч Монгол улсад ажиллаж буй гаднын хөрөнгө оруулагчдын дунд судалгааны 2017-2021 оныхыг харахад хөрөнгө оруулагчид хөдөлмөр ур чадварын нөөц дээшилсэн, улс төрийн тогтвортой байдлын хувьд ахиц гарсан гэж дүгнэсэн байна. Илүү оноо алдсан зүйл бол хөдөлмөрийн журам. Хөдөлмөрийн тухай хуульд орсон өөрчлөлттэй холбоотой шүүмжлэл нэлээд ирсэн. Эрх зүйн янз бүрийн маргаануудыг бас онцолсон. Татварын дэглэм, хууль эрх зүйн тогтолцоо илүү дордсон гэсэн байр суурь илэрхийлсэн.

 

Фэйзер-аас гаргадаг судалгаанаас харахад манай улс уул уурхайн хөрөнгө оруулалтын орчны хувьд 84 орноос 63-т жагсаж байна. 2011 онд эдийн засгийн өсөлт оргил үедээ байхад 96 орноос 31-т жагсаж байж.

Б.Анар: Бөөрөлжүүтийн станцын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн

/Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга/

90н оноос хойш Монгол улсад 37.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирснээс Оюу толгойн хөрөнгө оруулалтыг хасвал 22.5 тэрбумаар хэмжигдэж байна. Энэ хөрөнгө оруулалтын 70 хувийг геологи уул уурхайн салбар эзэлж байна.

Нөгөөтэйгүүр экспортын ачаа барааны гуравхан боомтоор дамжиж гардаг. Ложистик тээврийн зардал 27 хувьтай байна. Дэлхийд энэ зардал 13 хувьтай байдаг. Дараагийн том асуудал эрчим хүч. 80 хувийг дотоодоосоо, 20 хувийг хоёр хөршөөсөө авч байна. Эрчим хүч худалдаж авахад жилд 140 орчим сая доллар зарцуулдаг. Түүхий эдийн экспортын 90 хувь нь боловсруулаагүй байдлаар гардаг. Эдийн засгаа тэлье гэвэл түүхий эдээ боловсруулах зайлшгүй шаардлага бий. Энэ мэт асуудлууд байна.

Харин шинэ сэргэлтийн бодлого дотроо зургаан сэргэлтийн хүрээнд төсөл хэрэгжүүлэхээр байгаа. Хөрөнгө оруулалтад нөлөөлөх гурван салбар нь боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт. Боомтын сэргэлт дээр төмөр замын холбогдолтой 11 төсөл бий. Хэрэгжээд явж байгаа дөрвөн төсөл байна. Дөрвөн төслийнх нь сонгон шалгаруулалт эхэлсэн. Гурван төслийнх нь тухайд тодорхой хэмжээний бэлтгэл ажлыг нь эхэлж байж эхлүүлэх төлөвлөгөө бий.

Боомтын сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийг амжилттай дуусгавал ачаа тээврийн эргэлт 21.5 сая, төмөр замын хувьд 32.1 сая тонноор нэмэгдэнэ.

Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Анар: Шинэ сэргэлтийн бодлогод эрчим хүчний салбарт 21 төсөл хэрэгжүүлэхээр тусгасан. Таван төслийнх нь хэрэгжилт эхэлсэн. Зарим төслийн хувьд асуудал бий. Сүүлийн сайн мэдээ гэвэл зогсчихсон байсан Бөөрөлжүүтийн станцын бүтээн байгуулалтын ажил эхлээд явж байна.

Мөн нүүрс баяжуулах төсөл хэрэгжээд явж байна. Эрдэнэт, Дарханы гангийн үйлдвэрийн төслийн ажил тодорхой шалтгааны улмаас зогсчихсон байгаа.

Ер нь хөрөнгө оруулалтын хуульд яг ямар салбарыг тухайлж дэмжих талаар тусгаж байгаагүй. Одоо бол тухайлж онцлох салбарыг нь тодотгож оруулна. Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг бодитой хамгаалах тогтолцооны өөрчлөлтийг хуульд оруулахаар ярьж байна.

Түүнээс гадна Дэлхийн банк 2021оноос бизнес эдийн засгийн орчны судалгаа гаргах болсон. Тэр судалгаагаар манай улс 190 орноос 81-т эрэмбэлэгдэж байгаа. Бизнесийн орчинд хамгийн их нөлөөлж байгаа асуудал гэвэл эрчим хүчний асуудал. Бизнес эхлэх, үргэлжүүлэх, хаахад асуудал ихтэй гэсэн шалтгаан бас байна.

Тэр утгаараа бизнес эрхлэхэд зөвшөөрөл авах шат дамжлагыг бууруулах гарц цахим шилжилт гэж хараад эрчтэй ажиллаж байна. Хөрөнгө оруулагчдын тухайд шаардлагатай бол ЭЗХЯ-аар дамжуулж асуудлыг шууд уламжилдаг хэлбэр рүү шилжих чиглэлийг барьж байгаа.

О.Амартүвшин: Өнөөдрийг хүртэл гаднын хөрөнгө оруулалтыг дэмжсэн агентлаггүй явж ирсэн улс л даа бид

/МҮХАҮТ-ын ерөнхийлөгч/

Цонхоо өөрсдөө хаачихаад гаднын хөрөнгө оруулагчид яагаад гараад явчихав гэсэн марзан асуултыг арван жилийн турш өөрсдөөсөө асуулаа. Сүүлийн арван жилд нийт хөрөнгө оруулалтын 73 хувь нь уул уурхайд орж ирсэн. Гэтэл хамгийн хатуу хандаж яваа салбар маань уул уурхай. Гаднын хөрөнгө оруулалтыг татахгүй бол уул уурхай байхгүй, уул уурхай үгүй бол эдийн засаг гэж байхгүй. Хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалж чадаж байгаа эсэх дээр судалгаа хийж үзлээ. Маш муу үр дүн гарсан.

Товчхондоо, өнөөдрийг хүртэл гаднын хөрөнгө оруулалтыг дэмжсэн агентлаггүй явж ирсэн улс л даа бид. Гадаадын хөрөнгө оруулалтаа дэмжих, хамгаалах ёстой гэдэг ч орж ирэхийг нь таслах зогсоох арга хэмжээ авдаг. Гадаадын хөрөнгө оруулалтын салбарыг өргөжүүлэх хэрэгтэй. Хөдөө аж ахуйд гэхэд хөрөнгө оруулалт бараг алга. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах тал дээр сурталчилгаа алга. Бид холбооны улс биш. Гэтэл Ерөнхий сайдын дэмжсэн төсөл дээр сум, орон нутгийн төвшинд эсэргүүцэл өрнүүлдэг.

Бас АМНАТ гэж айхавтар асуудал байна. Одоо хэрэгжиж буй хуулийг нь зайлшгүй хүчингүй болгох ёстой. Тэгж байж үйлдвэрлэл, гадаадын хөрөнгө оруулалт ярина.

Х.Амаржаргал:Хөрөнгө оруулагчдад хамгийн чухал нь ойлгомжтой эрх зүйн тогтолцоо, Засгийн газар болон улс төрийн тогтвортой байдал.

/Рио Тинто Монгол компанийн гүйцэтгэх захирал/

Монголын түүхэн дэх хамгийн анхны мега төслийг бид хэрэгжүүлж чадсан. Уул уурхайн салбар бол манай улсын эдийн засгийн хөдөлгөгч гол хүч. Энэ салбарт хөрөнгө оруулагчдад хамгийн чухал нь ойлгомжтой эрх зүйн тогтолцоо, Засгийн газар болон улстөрийн тогтвортой байдал.

О.Хулан: Баянхонгор аймагт алтны ордны хайгуулын төсөлд нарийвчилсан хайгуул хийж ордын нөөцийг тогтоох шаардлагатай

 

/Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч/

Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор жилд 85.8 сая ам.долларын орлого олж, 500-900 хүн ажлын байртай болно. Нүүрсийг сорчлон олборлох шаардлагагүй болж, бүх төрлийн нүүрсийг жигд ашиглаж, сайн чанарын боловсруулсан нүүрс экспортлох боломж нээгдэх гэх мэт давуу тал ихтэй.

Эрдэнэс Алт ресурс компани Баянхонгор аймагт хэд хэдэн алтны ордны хайгуулын төсөл хэрэгжүүлж байна. Цаашид нарийвчилсан хайгуул хийж ордын нөөцийг тогтоох шаардлагатай байгаа.

Ц.ТүмэнцогтДижитал төлбөр нь санхүүгийн зах зээлийн ирээдүй болж байгаа

/Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга/

Цахим шилжилт бизнесийн орчинд маш хүчтэй нөлөөлөхөөр байна. Дижитал төлбөр нь санхүүгийн зах зээлийн ирээдүй болж байгаа.

Ханнес Такач: Зэс ба бусад ховор элементэд гэрэлтэй ирээдүй бий

/ЕСБХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч/

Хөрөнгө оруулагчдын хувьд өгөөж нь өндөр байгаа ч улстөрийн тогтворгүй орчин, түүхий эдийн үнийн савлагаанд автах эрсдэл бий. Монголоос Хятад руу гарах боомт хаагдсан, хил гаалийн гацаа үүсчихсэн яваа. Энэ нь түүхий эд бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлж байна. Нэмж онцлоход нүүрсний салбарт ирээдүй бүрхэг болж буй. Шинэ түүхий эд бүтээгдэхүүний эрэлт өндөр байгаа. Зэс ба бусад ховор элементэд гэрэлтэй ирээдүй бий. Бидний хувьд өрийн санхүүжилт, хувьцааны хөрөнгө оруулалт аль алиныг нь хийж байгаа. Манай зүгээс “Эрдэнэ ресурс”-т хөрвөх боломжтой зээл өгсөн. Зээлийнхээ арван хувь хүртэл хэмжээнд хувьцааг нь авсан. ТЭЗҮ-ийг нь хийхэд манай санхүүжилт зарцуулагдсан юм.

Жижиг улсуудын хувьд хөрөнгийн захын шингээх чадвар хэр вэ гэдэг нь хөрөнгө оруулагчдад их чухал. Түүхий эд, бүтээгдэхүүний үнийн савлагаа их өндөр байдаг нь тэдэнд асуудал болдог тал бий. Хувьцаанд хөрөнгө оруулалт хийхийн тулд урт хугацааны үнийн таамаглал тодорхой байх ёстой. Гэхдээ Монголын нэг давуу тал нь өндөр үнээр зарах боломжтой түүхий эд бүтээгдэхүүний хангалттай нөөцтэй. Дахин онцлоход бид өрийн болон хувьцааны санхүүжилт дээр ажилласаар яваа. Бидэнтэй энэ талаар холбогдох боломжтой гэж хэлмээр байна.

Х.Алтай: Татварын орчныг таатай болгож өгвөл гадны хөрөнгө оруулалтыг татах боломжтой

/Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал/

Хөрөнгийн зах зээл сүүлийн хэдэн жилд хурдацтай хөгжиж байна. Өнгөрсөн жилийн хувьд гэхэд л дэлхийн хөрөнгийн зах зээлийн хамгийн өсөлт өндөртэй зах зээл нь манайх байлаа. Үнэт цаасны давхар бүртгэл гэсэн том боломж нээгдсэнийг онцолъё. Нэг зүйлийг онцлоход ойрын үед гурван банк Монголын Хөрөнгийн бирж дээр хувьцаат компани болно.

Хөрөнгийн зах зээл бол гаднын хөрөнгө оруулалтыг татах томоохон платформ. Татварын орчныг таатай болгож өгвөл гадны хөрөнгө оруулалтыг татах боломжтой. Энэ саналыг УИХ-ын даргад танилцуулсан, нааштай хүлээж авсан таатай мэдээ байна.

Нөгөөтэйгүүр Монголын хөрөнгийн бирж 34 хувиа олон нийтэд санал болгохоор бэлтгэл ажлаа хангаад явж байна. Ямар ч хөрөнгө оруулагч Монголын Хөрөнгийн биржийн хөрөнгө оруулагчаар нэгдэх боломжтой. Хөрөнгийн биржийн IPO амжилттай болвол уул уурхайн компаниуд хөрөнгийн биржээр дамжуулж хувьцаагаа гаргах боломж нээгдэх юм.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд уул уурхайн чиглэлийн төрийн өмчийн томоохон компаниуд хувьцаагаа гаргах мэдээлэл байна. Ташрамд дурдахад “Эрдэнэ ресурс” компани давхар бүртгэл хийчихсэн яваа. Уул уурхайн компаниуд энэ мэтээр хөрөнгийн биржид хувьцаагаа худалдаад явбал ард түмний мандат, визийг авах боломжтой.

Уул уурхайн компаниуд дотоодын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө татах боломжтой гэдгийг харуулсан кейс бий. Улс төрийн болон олон нийтийн дэмжлэгийг авах хамгийн зөв, гол гарц энэ л дээ. Ингэснээр уул уурхайн өгөөжийг иргэдэд хүртээх боломж нээгдэнэ. Тэгснээр хүчтэй дундаж давхарга бүрдэх том эхлэл тавигдана.

Аму Капитал Хөрөнгө оруулалтын сангийн захирал Л.Энхтайван: Маргааш холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ 0.75 хувиар өсгөх гэж байна. Бүх улс бодлогын хүүгээ чангалж эхэлсэн. Цаашид ч дахиад өсгөхөөр байгаа. Тэр утгаараа зах зээл дээр мөнгө ховордож байна. Геополитикийн нөхцөл тодорхойгүй хэвээр, Хятадын зах зээлд ковидоос үүдэлтэй асуудал янзаараа, инфляц дэлхий даяар нэмэгдэх таамаг давамгайлсан өнгө хувираагүй байна. Еврогийн ханш оноос хойш 20 хувь унасан. Монгол төгрөгийн ханш 15 хувиар унасан. Дэлхийтэй харьцуулахад тийм огцом өсөлт биш гэж хэлж болно.

Л.Энхтайван: Маш их хэмжээний мөнгө хадгаламж хэлбэрээр сул хэвтэж байна

/Аму Капитал Хөрөнгө оруулалтын сангийн захирал/ Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татлаа гэхэд ойрын хоёр жилийн хугацаанд өртөг нь өндөр байх дүр зураг харагдаж байна. Харин дотоодоос хөрөнгө татах боломж бий. Маш их хэмжээний мөнгө хадгаламж хэлбэрээр сул хэвтэж байна. Энэ мөнгийг ашиглая. Биржийн бус зах зээл гэж байна. Нэгхэн жилийн дотор бондын бүртгэл хийгээд 670 тэрбум төгрөг татчихсан жишээ бий.

Г.Мөнх-Эрдэнэ: Хар шуургатай өдрүүд ирэхийг үгүйсгэхгүй

/Таван Богд Капитал ҮЦК-ийн гүйцэтгэх захирал/

Алтны ханш хэрхэн унаж буйг та бүхэн мэдэж байгаа. Алтныхны хувьд 2020 он алдаж болохгүй алтан жил байсан. Харамсалтай нь өнгөрсөн жилээс байдал тийм таатай бус байсаар өнөөг хүрлээ. Манай алтны компаниуд алтаа ахиухан гаргахдаа анхаардаг ч олборлосон алтаа өндөр үнээр зарахдаа төдийлөн анхаарахгүй байна л даа. Үүнээсээ болоод алтны компаниуд өнөө жил 30-35 сая ам.доллар олох боломжоо алдсан. Ийм эрсдлээс өөрсдийгөө хамгаалах ганц арга бол хэдж. Алтны ханшийн эрсдлээс ийм аргаар гарч чадсан хэд хэдэн кейс бий. Бусдад нь ч тийм боломж байгаа.

Алтны ханш өнөөдөр 1680 ам.доллар хавьцаа яваа. 2050 ам.доллараас буугаад ийм хэмжээнд хүрлээ. Нэг бол өсөх, эсвэл 1400 хүртэл унах эрсдэл бий. Учир нь АНУ-ын төв банк маш хатуу бодлого явуулж байна. Бороотой өдрүүд үргэлжилж байна гэсэн үг. Хар шуургатай өдрүүд ирэхийг үгүйсгэхгүй.

Ч.Төрмандах: Хувьцаа маань анх гаргасан үнэлгээнээсээ 8000 гаруй дахин өссөн

/Таван толгой ХК-ийн ахлах эдийн засагч/

Хөрөнгө оруулагчдын тухайд Таван толгой ХК-д хөрөнгө оруулж хувьцааг нь эзэмших боломжтой. Манай компани 500 гаруй тэрбум төгрөгийг зөвхөн ногдол ашигт тарааж өгсөн статистик бий. Хувьцаа маань анх гаргасан үнэлгээнээсээ 8000 гаруй дахин өссөн. Уул уурхайн компанийн хувьцааг худалдаж авснаар ямар ашиг, өгөөжтэй байдгийг баталсан жишээ бол бидний өнгөрсөн түүх юм.