Олон улсын валютын сангийн ажлын хэсэг Монгол Улсад ажиллаж, эдийн засгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгчээ. Тус ажлын хэсэг Монгол Улсын эдийн засгийн байдлыг хүндээс ноцтой түвшинд шилжихэд ойрхон байгааг сануулж, ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг санал болгож байна.
1.Ипотекийн зээлийг энэ оны эцсээр дуусгавар болгон зогсоох. Валютын нөөцөө хэмнэхийн тулд энэ арга хэмжээг авахаас өөр аргагүй.
2.Монгол Улсын боломжийн орлоготой хүмүүс өндөр татвар төлөх хэрэгтэй. Энэ нь валютын нөөцөд нэмэр болно.
3.Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт шилжүүлэх зайлшгүй шаардлагатай. Хавтгайруулан олгож байгаа Хүүхдийн мөнгө чинээлэг бүлэгт илүү өгөөжтэй болж, эмзэг бүлэгт хүрэхгүй байна.
4. Ядуу, эмзэг бүлэгт дэмжлэгийг чиглүүлэх хэрэгтэй. Өндөр орлоготой бүлэг өөрсдийн хуримтлалаар хүнд байдлыг даван гарах боломжтой. Чинээлэг бүлэг дэмжлэг авахгүй байх нөхцөлийг Засгийн газар бүрдүүлэх хэрэгтэй.
5. Улсын төсвийн болон төрийн өмчит компаниудын хөрөнгө оруулалтыг УИХ эргэн харж, эрэмбэлэн, олон нийтэд ил тод болгох хэрэгтэй. Онцын шаардлагагүй төслүүдийг хойшлуулж, бүр зогсоох шаардлагатай гэв.
Санууулахад: ОУВС-гийн ажлын хэсэг өнгөрсөн хавар МУ-ын эдийн засагт үнэлэлт дүгнэлт хийсэн. Ингэхдээ Монгол Улсын хувьд цаашид учирч болох эрсдэлээс хамгаалахын тулд төсвийн байгууллагууд хэмнэлт хийх, хүүхдийн мөнгө болон халамжийг зорилтод бүлэгт хүргэхэд анхаарах, банкууд IPO гаргахыг ОУВС зарчмын хувьд дэмжиж байгаа, гэхдээ цар тахал болон олон улсын хямралт байдлын энэ цаг үед IPO гаргах хугацааг түр хойшлуулах шаардлагатай гэсэн дүгнэлт хийснээ УИХ-ын даргад танилцуулж байсан.
Мөн татварын бодлогын шинэчлэлд хамтрахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.