Монголын Вейп хэрэглэгчдийн холбоо ТББ-ын ерөнхий зохицуулагч Б.Цогт-Очир өнөөдөр /2022.10.13/ Нийгмийн эрүүл мэндийн албаны мэргэжилтэн, анагаах ухааны докторант С.Мөнхтуяаг АТГ-т шалгуулах хүсэлт өгсөн талаараа мэдээлэл хийв.
Тэд “Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон сошиал орчинд төрийн байгууллагын ажилчид янжуур тамхины компаниудын гар хөл болж, хэрэглэгчдэд буруу ташаа мэдээлэл тарааж, хэрэглэгчдийн эрх ашиг зөрчсөн ноцтой мэдээллийг явуулж байна.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэндийн албаны мэргэжилтэн, анагаах ухааны докторант С.Мөнхтуяа ТМ телевизид өгсөн ярилцлагадаа “Янжуур тамхи нь 20-25 жилийн дараа хорт хавдар үүсгэдэг бол электрон тамхи нь 1-2 жилийн дараа үхэлд хүргэх аюултай” зэргээр шинжлэх ухааны ямарч баримт нотолгоогүй мэдээллийг хэрэглэгчдэд зориудаар тарааж байгаа нь бидний хардах үндэслэл болж буй юм. Электрон тамхи нь дэлхийн 100 гаруй улсад худалдаалагдаж, 360 сая хэрэглэгч бий болгож чадсан, насанд хүрсэн хүний тамхинаас гарахад дэмжлэг болж буй бүтээгдэхүүн юм.
Англи, Америк, Франц, Шинэ Зеланд зэрэг хөгжилтэй орнууд ард иргэддээ янжуур тамхины хор хөнөөллөөс хоруу чанараараа 95 хувь бага энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөдөг бол зарим улсууд янжуур тамхийг хориглож, электрон тамхийг дэмжсэн хууль хүртэл батлуулж байна.
Манай төрийн бус байгууллагаас электрон тамхи хэрэглэгч 250 мянган иргэний эрх ашгийг зөрчсөн мэдээллээр иргэдийн итгэх итгэл, сэтгэлзүйд дайралт хийсэн мэдээллээр, янжуур тамхийг ургамлын гаралтай мэтээр сурталчилж, буцаад янжуур тамхиа татуулах далд санаа агуулж ярьж байгаа энэ албан тушаалтны хувьд ноцтой зөрчлүүд харагдаж байна. Хэт нэг талыг барьсан мэдээллийн ард давхар авлига, ашиг сонирхлын зөрчил байхыг үгүйсгэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, бусдаас авлига авч, энэ төрлийн мэдээллийг хэвлэл мэдэллийн хэрэгслээр сурталчилж байх, эсвэл дээд албан тушаалтны даалгавраар утаат тамхийг сурталчилсан мэдээллийг иргэдэд хүргэж байж болзошгүй юм. Энэ нь аль ч тохиолдолд байлаа гэсэн хэрэглэгч, иргэдэд буруу мэдээлэл түгээж байна.
Иймд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэндийн албаны мэргэжилтэн, анагаах ухааны докторант С.Мөнхтуяаг шалгаж, ийм мэдээллийг нийгэмд тарааж буй этгээдүүдийг олж тогтоож, электрон тамхи хэрэглэгчдийн эрх ашгийг хуулийн хүрээнд хамгаалуулах хүсэлтэй байна” гэв.