Иргэдийн санал шүүмжлэл, бодит оролцоо, хяналтыг бий болгож хамтдаа хуулиа санаачилдаг, төсвөө хэлэлцэн баталдаг болохын тулд маш их цаг хугацаа зарцуулан, судалж ажилласны үр дүнд Цахим Парламент буюу D-Parliament аппликейшнийг иргэдэд танилцуулаад багагүй хугацаа өнгөрсөн.
Яг одоо ирэх жилийн төсөвт иргэдийн санал бодлыг “D-parliament” аппликейшнээр дамжуулан авч байна. Тодруулбал иргэдийн саналыг 10 дугаар сарын 7-17-ны хооронд авах юм. Та технологийн дэвшлийг ашиглан төсвийн төслийн зүйл, заалт бүрд тус аппликейшнээр дамжуулан саналаа өгөх бүрэн боломжтой бөгөөд УИХ-ын гишүүд болон холбогдох байнгын хороодын гишүүд иргэдийн ирүүлсэн санал нэг бүртэй танилцан 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр #Төсөв2023 Нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Олон нийтийн хяналттай, нээлттэй хэлэлцүүлэгт иргэд тэр дундаа төсөв, санхүүгийн чиглэлээр мэргэшсэн иргэний нийгмийн болоод мэргэжлийн судалгааны байгууллагуудын мэргэжилтнүүдийг идэвхтэй оролцож, зөв шийдвэр, бодлого гаргахад хамтран ажиллахыг хүсье.
Доорх линкээр орж саналаа өгөөрэй.