Хошин урлагийнхан ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг уучлал гуйхыг шаардан яамны үүдэнд жагсав.
Учир нь Төрийн нарийн бичгийн даргын зүгээс “Хошин шогийн хэдэн “хүний эрхийг зөрчигч” алиалагч нар ч бас хувь нэмэр оруулсан даа. Хүн доромжилдогоо урлаг гээд ойлгосон гамшигууд. Хүн доромжилсоны төлөө төрөөс ч элдэв шагнал, гавьяатын тэмдэг зүүж өгдөг өө одоо болимоор юм. Компаниуд зар суртачилгаа, улс төрийн намууд сонгуульд хүн доромжлогч нараар нүүр царай хийж оодруулдагаа болих хэрэгтэй”хэмээн нийгмийн сүлжээндээ бичсэн нь тэднийг жагсахад хүргэсэн байна.
Тэгвэл ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг яамныхаа үүдэн хошин урлагийнхантай уулзахдаа “Би доромжлоогүй, ялгаварлаагүй. Гомдол мэдээлэл гаргах эрхийг тань хүндэтгэнэ. Зохих байгууллагуудад нь гомдлоо гаргаад намайг шалгуулж болно. Та бүхэн тоглолтуудаараа нийгэмд зөв мессэжүүдийг хүргээсэй гэж хүсэж байна. Би алиа салбадай биш алиалагч гэж бичсэн.Үүнийг доромж гэж харахгүй байна. Үндсэн хуулиар та бүхэнд давуу эрх олгоогүй, гавъяат жүжигчин гуай. Та бүхэн минь өөрсдөө ч урлаг гэдэг нь ямар үүрэгтэй вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Үзэн ядах, бие биенийгээ ялгаварлах нь хэвийн зүйл мэт харагддаг болсон. Цаашид бие биенээ үзэн ядах, бие биенээ ойлгохгүй байх агуулга бүхий контент үйлдвэрлэж байгаагаа зогсоох хэрэгтэй. Та бүхний зохистой хэмжээнд байж чадаагүй зүйлээс болж хэвийн бус зүйлүүд мэт боллоо гэх асуудлыг л хөндсөн” гэлээ.