Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг өнгөрөгч долоо хоногт томилсон. Ингэснээр Т.Аюурсайханы оронд УИХ-ын дэд даргаар хэнийг сонгох асуудал УИХ дахь МАН-ын гишүүдийн дунд өрнөөд буй. ХНХ-ын сайдаас огцроод буй Д.Сарангэрэл гишүүний нэр яригдсан ч МАН-ын дарга дэмжихгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн гэх мэдээлэл байна.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “ирэх долоо хоногт УИХ-ын дэд даргыг тодруулна” гэх мэдээллийг өгсөн. УИХ-ын дарга энэ долоо хоногт БНСУ-д албан айлчлалтай яваа тул ирэх долоо хоногт ирээд Дэд даргыг сонгож, томилох бололтой.
Монгол Улсын их хурлын тухай хуульд УИХ-ын дэд даргын үүргийг дараах байдлаар заажээ.
15 дугаар зүйл.Улсын Их Хурлын дэд даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах, түүний чиг үүрэг
15.1.Улсын Их Хурлын дэд даргыг Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс нэр дэвшүүлэн, илээр санал хурааж сонгоно. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай тогтоол баталсанд тооцно.
15.2.Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн, 10 дугаар зүйлд заасны дагуу гишүүний бүрэн эрх нь дуусгавар болсноос гадна өөрийнх нь хүсэлтээр, эсхүл нэр дэвшүүлсэн нам, эвслийн бүлгийн хүсэлтээр Улсын Их Хурлын дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, огцруулна.
15.3.Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг тарсан бол тухайн бүлгээс нэр дэвшүүлж сонгосон дэд даргыг чөлөөлсөн тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцно.
15.4.Улсын Их Хурлын дэд дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
15.4.1.Байнгын, дэд, түр хороо, нам, эвслийн бүлгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
15.4.2.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны ирц бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;
15.4.3.Улсын Их Хурлын үйл ажиллагааны дэг, гишүүний ёс зүйн хэм хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих;
15.4.4.Улсын Их Хурлын даргаас хуваарилсан болон даалгасан чиг үүрэг;
15.4.5.хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.
15.5.Улсын Их Хурлын даргын түр эзгүйд түүний даалгаснаар дэд дарга үүргийг нь хэрэгжүүлнэ.