Монгол Улсын Засгийн газраас гаргасан Авто замын төлбөр авах цэгийг цахимжуулах арга хэмжээний тухай тогтоолоор олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламж ашиглан зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр хураах цэгийг цахимжуулсан. Энэ хүрээнд нийслэл орчмын шалган нэвтрүүлэх товчоодын төлбөр, хураамж авах явцыг арваннэгдүгээр сарын 1-нээс цахимаар авах юм.
Нийслэл хот руу орж, мөн гарч байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авдаг уламжлалт төлбөрийн харилцааг халж, товчоодын ажилтны цалингийн зардал, орон тоог хэмнэх, түүнчлэн тээврийн хэрэгслийн нэвтрэх хугацааг 10 дахин багасгаснаар дараалал, түгжрэл үүсгэхгүйгээр гурван секундэд нэвтэрч гарах боломж олгох шинэ системийг Улаанбаатарын шалган нэвтрүүлэх найман товчоонд суурилуулжээ.