Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн 2022 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 209 дүгээр зарлигаар бригадын генерал Сүнрэвийн Ганбямбыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томиллоо.
Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүндэтгэн хүлээн авах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо болон Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлал, удирдах газрын удирдлага, бие бүрэлдэхүүн оролцсон юм.
Энэхүү ёслолын ажиллагааны эхэнд “Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Төрийн цэргийн байгууллагуудын асуудал хариуцсан ахлах референт хурандаа Т.Буянбат уншиж сонордуулав.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэлсэн үгэндээ “Юуны өмнө ЗХЖШ-ын даргын өндөр хариуцлагатай албыг нэр төртэй хашиж, Зэвсэгт хүчний хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулсан дэслэгч генерал Д.Ганзоригт Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье. ЗХЖШ-ын даргаар томилогдсон бригадын генерал С.Ганбямба нь цэргийн бүх шатны сургуулийг төгссөн, Зэвсэгт хүчинд тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж буй мэргэшсэн, туршлагатай, төрийн албаны мерит зарчмын дагуу дэвшин томилогдож буй дээд офицер гэдгийг Та бүхэн мэдэж байгаа. Өнөөдөр Зэвсэгт хүчинд тулгамдаж буй олон асуудлууд бий. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч хэд хэдэн тодорхой үүрэг, чиглэл өгч, биелэлтийг нь илтгэхийг даалгасан. ЗХЖШ-ын даргаар ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч даргыг дэвшүүлсэн томилж буй нь Зэвсэгт хүчний хөгжлийн бодлого, үйл ажиллагааны зарчимч чанарыг хадгалах, удирдлагын нэгдмэл байдлыг хангах зорилготой юм” гэдгийг онцоллоо.