“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат \2022-11-11\ компанийн зарим удирдлагуудын хамт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций дэх уурхайд ажиллаж, уурхайн удирдлагууд болон уурхайчдын төлөөлөлтэй уулзаж Засгийн газрын бодлого үйл ажиллагаа, цаашид хэрхэн ажиллах талаар холбогдох чиглэлээ хүргүүлснээс гадна уурхайн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж зарим асуудлыг шийдвэрлэлээ.
Тэрээр салбарын удирдлага, уурхайчдын төлөөлөлтэй уулзах үеэр Засгийн газраас энэ ондоо багтаан 500.0 сая ам.доллар оруулж ирэх үүрэг өгснийг хэрэгжүүлэх нь бидний нэн тэргүүний зорилго юм.
Зорилгоо биелүүлэхийн төлөө бид маш сайн баг болж хамтарч ажиллах шаардлагатай бөгөөд ямар ч тохиолдолд уурхайн ажилтнуудын эрх агшийг нэгдүгээрт тавьж ажиллах ба цалин, хангамж, урамшууллыг компанийн холбогдох дотоод журам, захиргаа, үйлдвэрчний эвлэлтэй байгуулсан хамтын гэрээнд заасны дагуу бүрэн олгох болно.
Цаашид “Эрдэнэс Тавантолгой” ХК сардаа 2.5 сая тонн нүүрс борлуулдаг горимд шилжүүлж, жигдрүүлэхээр ажиллаж байна. Бид төрийн өмчит компанид ажиллаж байгаа учир манлайлах хэрэгтэй хэмээн танилцууллаа.
Уулзалтын үеэр уурхайн мастер А.Батаа, 2022 оны нэгдүгээр сараас мөрдөж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хууль уурхайд хэрэгжих эсэх тухай лавлаж асуулаа.
Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат: Хуулийн хүрээнд ажиллах ёстой гэдэг шаардлага тавьж байгаа. Үйлдвэрчний эвлэлийнхэнтэй уулзаж таны энэ асуудлыг тавьсан бөгөөд хууль зөрчсөн, хуулиас гадуур аливаа шаардлага тавихгүй. Мэдээж сайжруулах, зүйлс байгаа, тухай бүрд нь холбогдох шийдвэрүүдээ гаргаад засаж залруулаад явна гэлээ.
2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар Гашуунсухайт боомтоор нийт 13.6 сая.тн нүүрс экспортод гаргасны 8.7 сая.тн нь Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нүүрс тээвэрлэгдсэн байна. Сүүлийн өдрүүдэд тээвэрлэлтийн тоо ихсэж, тээвэрлэлт дээр доголдол үүсэж буй. Тиймээс Боомтын сэргэлтийн үндэсний хороо, Гаалийн ерөнхий газар, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Цагдаагийн ерөнхий газар зэрэг холбогдох төрийн байгууллагын удирдлагуудтай газар дээр нь ажиллаж шаардлагатай зарим шийдвэрийг гаргалаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс