Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг хүртэх эрхэмийг өнөөдөр зарлана

Энэ онд Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг хүртээх эрхэмийн нэрийг өнөөдөр 11 цагт Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгийн газраас зарлана.


Монгол Улсын төрийн дээд, тэргүүн зэргийн одон бөгөөд анх 2002 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн гаргасан санаачилгыг УИХ сайшаан дэмжиж, УИХ-ын 21 дүгээр тогтоолыг баталж байжээ. Энэхүү одонг 2005 оноос эхлэн Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёсны түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд хувь нэмрээ оруулсан, онцгой гавьяа байгуулсан иргэнд Үндэсний их баяр наадмаар буюу жил бүрийн долдугаар сарын 11-ний өдөр хүртээж байхаар анх тогтоосон байна. Энэ дагуу эхний 6 хүнийг шагнажээ.

Харин 2012 оны 1 сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсноор тогтоолд өөрчлөлт оруулж “Чингис хаан” одонг Их Монгол Улсыг үүсгэн байгуулсан их хааны төрсөн өдрөөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн-“Монгол бахархлын өдөр”-өөр ёслол хүндэтгэлтэйгээр хүртээж байхаар тусгаж, өдгөө энэхүү дэг жаягийг баримталж байгаа юм.

Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртэгсэд:

Төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор 2005 оноос өнөөдрийг хүртэл  нийт 11 хүн, нэг хамтлагыг шагнасан байна. Үүнд:

2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат,

2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав нарыг шагнаж 2007, 2008 онд тасарчээ.

2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн,

2010 онд Төр, нийгмийн зүтгэлтэн Р.Гончигдорж,

2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди,

2012 онд УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл,

2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном,

2014 онд нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай,

2015 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо,

2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар,

2017 онд Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Гавъяат тамирчин Н.Түвшинбаяр нар,

2019 онд “The Hu” хамтлаг тус тус энэхүү эрхэм дээд шагналын эзэд болсон юм.

“Чингис хаан” одонгоор шагнагдсан эрхэм нь дараагийн “Чингис хаан” одонг гардуулах ёслолын ажиллагаа, Үндэсний их баяр наадам, Үндсэн хуулийн өдөр, Цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулах төрийн ёслолын арга хэмжээнд уригдаж, жил бүрийн Их Эзэн Чингис хааны өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлэг авч, Монгол Улсын иргэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхийг эдэлдэг байна.