УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 2022 оны 12 дугаар сарын 1-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нэгдсэн хуралдаанд танилцуулсан.
Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Ш.Адьшааг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж, тус Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Одонтуяаг нэмэхээр тогтоолын төсөлд тусгасан байна.
Учир нь УИХ-ын гишүүн Ш.Адьшааг тус түр хорооны гишүүн байхад ашиг сонирхолын зөрчил үүсч байна гэх бичиг АТГ-аас ирүүлсэн гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг хэлэв.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 62.8 хувь нь “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ.