Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Ж.Гантулгатай мансуурах донгийн талаар ярилцлаа.
-Сүүлийн үед мансуурал, донтох явдал ихэслээ гэж ярьж байна. Энэ аль хэр бодитой вэ, үндэсний хэмжээнд хийсэн судалгаа байдаг уу?
-Жижиг, хэсэгчилсэн судалгааг хийж байгаа. Харин мансуурлын асуудлаар үндэсний хэмжээнд хийсэн судалгаа одоогоор хараахан байхгүй. Гэхдээ судалгааны асуудал үндэсний хөтөлбөрийн зорилтод орсон учраас удахгүй хийгдэх байх.
–Донтох эмгэгийг сэтгэцийн өвчний нэг хэлбэр гэж ойлгож болох уу. Хэрэв сэтгэцийн эмгэгийн нэг хэлбэр гэж үзвэл хэдэн хувийг эзэлж байна вэ?
-Донтолтыг сэтгэцийн эмгэгийн нэг хэлбэр гэж үздэг. Харин яг төдөн хувь нь донтох эмгэгтэй байна гэсэн тоон мэдээлэл хэлэхэд бэрхшээлтэй. Донтох эмгэгийн дийлэнх хувийг архинд донтолт эзэлдэг. Архинд донтох эмгэг хүн амын дотор 6.2 хувьтай байна гэсэн судалгаа байдаг. 1986-1992 онд хийсэн судалгаанаас харахад, архины хэрэглээтэй холбоотой эмгэг 40 дахин ихэссэн гэх тоон мэдээлэл бий. Ер нь хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн тоо нэмэгдсэн. Тэдний 90-98 хувь нь архины донтолтын асуудалтай байдаг.
-Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой донтолт хэр байдаг вэ?
– СЭМҮТ-д 30 ортой донтох эмгэг судлалын клиник ажилладаг. Энд 90-95 хувь нь архины асуудалтай хүмүүс ханддаг гэдгийг дээр хэлсэн. Гэхдээ бусад донтолтын асуудлаар сайн дурын эмчилгээнд хамрагддаг. Өөрөөр хэлбэл, хэвтэн эмчлүүлэгсдийн 3-5 хувь нь мансууруулах бодисын асуудалтай байдаг. Жилдээ 50-70 орчим хүн энэ учир шалтгааны улмаас хэвтэж эмчлүүлдэг, зөвлөгөө авдаг болсон.
Урьд нь ийм төрлийн донтолт бараг байдаггүй байлаа. Сүүлийн үед нэмэгдсэн. Энд дурдагдаж байгаа тоо бол сайн дураараараа ирж эмчлүүлж байгаа хүмүүсийн тухайд хэлж байгаа тоо баримт шүү.
-Гэхдээ хэвтэн эмчлүүлэгсдийн тоо нэмэгдэж байгаа нь цаанаа нэг юм хэлээд байна аа даа?
-Тийм. Гэхдээ хэвтэж эмчлүүлдэг хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа нь хоёр талтай. Нэгдүгээрт, иргэд мэргэжлийн байгууллагад хандаж зөвлөгөө авах хэрэгтэй юм байна аа гэдгийг ойлгож эхэлсэнтэй холбоотой. Хоёрдугаарт, мансуурлын асуудал ямар нэг хэмжээгээр нэмэгдэж байгааг илэрхийлж байна гэсэн үг.
-Сайн дурынхнаас гадна бас албадан эмчилгээ гэж байдаг бил үү?
-Байдаг. 2018 онд мансуурах донтох эмгэгтэй хүмүүсийг албадан эмчлэх хууль шинэчлэн батлагдсан. Хуулийн хүрээнд хуучин эмнэлэг үйл ажиллагаагаа хэвээрээ үргэлжлүүлж байгаа. Шаардлагатай тохиолдолд албадан эмчилгээг Төв аймгийн Мааньт өртөөнд байдаг ШШБЕГ-ын харъяа эмнэлэгт хийдэг.
-Мансуурал ингэж нэмэгдсэн шалтгаан юу байна вэ?
-Манайд байдаг бодитой тоо гэвэл мансууралтай холбоотой гэмт хэрэгт холбогдоод, Шүүхийн сэтгэцийн эмгэг судлалын магадлан шинжилгээ хийлгэж байгаа хүний тоо эрс нэмэгдэж, жилдээ 200-аас дээш гардаг болсон. Энэ хүмүүс сайн дураараа хандаж байгаа биш, гэмт хэрэгт холбогдож байна гэсэн үг. Үүний цаана хэрэглээ нэмэгдэж байгаа гэсэн түгшүүр байна.
Ингэж нэмэгдэж байгаа олон шалтгаан байна. Гадагшаа их явдаг болсон, мэдээллийг шууд ямар нэг хязгаарлалтгүйгээр авдаг болсон. Аливаад хөнгөн хандаж, юмыг даган дууриах явдал их байна. Мөн хууль эрх зүйн мэдлэг дутуу, буруу ойлголт, төөрөгдөл их байгаатай холбоотой.
-Мансуурах асуудалтай хүмүүс дунджаар хэдээс хэдэн насныхан байна вэ?
-Мансууруулах бодисын асуудалд холбогдож байгаа, зөвлөгөө авдаг, магадлан шинжилгээнд орж байгаа хүмүүс 18-40 насныхан буюу ид залуу насны эрэгтэйчүүд голчлон холбогдож байна.
-Иргэд сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр хэнд яаж хандах вэ?
-Бидний энэ жил хийсэн нэг ажил гэвэл 1800-2000 гэдэг мэдээллийн утсыг 24 цагаар ажиллуулж байгаа. Энэ утаснаас сэтгэцийн мэргэжлийн эмч иргэдийн асуултад хариулж, зөвлөгөө мэдээлэл өгч байгаа. Мансуурлын асуудалтай болсон хүмүүс ил тод зарлахаасаа илүүтэй өөрөө дотроо шаналаад явж байдаг. Тэгвэл энэ утас руу хандаад мэдээлэл авах нь нээлттэй. СЭМҮТ сайн дурын эмчилгээ учраас тухайн хувь хүний нууцыг хадгалдаг, цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ гэсэн юм байхгүй.
-Өөр хаанаас зөвлөгөө мэдээлэл авч болох вэ?
– Хүмүүс утсаар хандаж зөлөгөө авах нь их болж байна. Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар дээр дээр нэг эмч ажиллаж байна. Тэнд нэр хаяггүйгээр зөвлөгөө өгдөг. Зөвхөн нас хүйсийг нь л асуудаг. Мөн хүүхдийн 108 утсаар сэтгэцийн эмч зөвлөгөө өгдөг. Ингэж салбар хоорондын хамтын ажиллагааг илүү үргэлжлүүлж байна
-Мансууруулах бодсын хэрэглээнд нийгмийн талаасаа нөлөөлж байгаа хүчин зүйл байна уу?
-Мансуурлын асуудлаар манайд хандаж байгаа залуучуудын дунд гадагшаа ажиллаж сурахаар яваад асуудалтай болсон хүн цөөнгүй байдаг. Энэ талаарх ойлголт мэдлэг хангалтгүй байгаагаас болоод очсон газрынхаэа сөрөг нөлөөлөлд амархан автаж байна гэсэн үг. Мэдээж олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Гэхдээ хамгийн гол нь сэтгэл зүйн дархлаа гэдэг юм дутагдаж байна. Мэдлэг хандлага гэж маш чухал байдаг.
Эх сурвалж: Zaluu.com