Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөгөө хэрэгжүүлж иргэд жанжин Д.Сүхбаатарын талбайд ес дэх өдрөө жагсаал, цуглаан зохион байгуулж байна.
Хүний эрхийн Үндэсний Комиссын зүгээс иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний орон зайг хамгаалах, хүний эрхийн аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт тавьж ажиллаж байгаа ба 2022 оны 12 дугаар сарын 08-ний шөнөөс эхлэн 15 орчим хонон суулт хийж байгаатай холбогдуулан иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах бодитой хэрэгцээ үүссэн тул Нийслэл, дүүргийн холбогдох албан тушаалтанд санал хүргүүлж, шийдвэрлүүлэх арга хэмжээ авлаа.
Тодруулбал, 2022 оны 12 дугаар сарын 11 -ний өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт Комиссын Зөвлөмжийг хүргүүлсэн юм.
Зөвлөмжийн хэрэгжилтийн хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан, Комиссын гишүүн Б.Энхболд, Г.Нарантуяа, Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов нар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г.Содбаяр, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын ЭТХ-ийн дарга Э.Есү болон бусад холбогдох албан тушаалтнуудтай 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр уулзалт зохион байгуулж, мэдээлэл солилцлоо.
Уулзалтын эхэнд ХЭҮК-ын зүгээс Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж болон олон улсын гэрээ, конвенцод заасанчлан иргэд үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, эрх чөлөөгөө эдлэх боломж, нөхцөл бололцоог хангах нь төрийн үүрэг гэдгийг онцлоод жагсаал, цуглаан хийх замаар өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж буй иргэдийн үйл ажиллагааг ямагт дэмжиж ажиллахыг санууллаа.
Уулзалтын үеэр,
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г.Содбаяр: ХЭҮК-оос өгсөн зөвлөмжийн мөрөөр суулт хийж буй иргэдийг эмнэлгийн үзлэг оношилгоонд хамруулах, дулаацах орчин бүрдүүлэх зорилгоор гурван автобус гарган ажиллаж байна. Мөн нийтийн ариун цэврийн байгууламжийг 24 цагаар ажиллуулахаар шийдвэрлэсэн, суулт зохион байгуулж буй иргэдэд Д.Сүхбаатарын талбайн урд хэсэг дэх автомашины зогсоолд хоёроос илүүгүй гэр барих зөвшөөрөл олгосон. Гэрийг цахилгааны эх үүсвэрээр хангах асуудлыг бүрэн шийдвэрлэсэн гэлээ.
Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд: Жагсаал, цуглаан эхэлсэн цаг мөчөөс эхлэн цагдаагийн алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Нийтийн хэв журам алдагдахаас сэргийлж цагдаагийн алба хаагчид ногоон, шар, улаан түвшинд ажилладаг. 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Үүнтэй зэрэгцээд ХЭҮК-оос ЦЕГ-ын удирдлагад иргэдийн үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөгөө эдлэх боломжийг бүрдүүлэх, жагсагчдын аюулгүй байдлыг хангаж хамгаалах, хүч хэрэглэхээс зайлсхийх тухай Зөвлөмж хүргүүлсэн. Энэ Зөвлөмжийг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байсан анги, нэгтгэлүүдэд хүргэж ажилласан. Цагдаагийн байгууллагад жагсаал, цуглааны үеэр цагдаагийн алба хаагчид иргэдийн биед халдсан, хүч хэрэглэсэн гэдэг гомдол, мэдээлэл ирээгүй байна. Жагсаал, цуглаан зохион байгуулж байгаа болон оролцож байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, нийтийн эрх ашгийг хамгаалахад цагдаагийн байгууллагад онцгойлон анхаарч ажиллаж байна. Дээрх жагсаал, цуглааны үеэр цагдаагийн алба хаагчид гэмтэж, бэртсэн тохиолдол гарсан.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд: Тухайн жагсаал, цуглаан нь хоёр буюу түүнээс дээш нутаг дэвсгэр хамрах тохиолдолд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зөвшөөрөл олгодог. Харин зөвхөн нэг буюу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр хамрах бол Жагсаал, цуглаан хамрах журмын тухай хуулийн дагуу манай дүүрэгт бүртгүүлэх ёстой. Жагсаал, цуглаанд оролцож байгаа иргэдийг нийтийн ариун цэврийн байгууламжаар хангах асуудалд “CU” сүлжээ дэлгүүрийн толгой компанийн удирдлагатай уулзаж санал тавьснаар асуудал шийдэгдсэн. Мөн бага насны хүүхэдтэйгээ хамт жагссан эцэг, эхчүүдтэй уулзаж, хүүхдийн эрх болон эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр зөвлөгөө өгч ажиллаж байна гэв.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын ЭТХ-ийн дарга Э.Есү: Жагсаал, цуглаан зохион байгуулагдсан эхний өдрөөс шуурхай штаб байгуулан 24 цагаар ажиллаж байна. Суулт хийж байгаа иргэдийн эрүүл мэндэд учирч болох эрсдэлд дүн шинжилгээ хийж, үзлэг, оношилгоог хийж байна гэдэг байр суурийг илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд, жагсаал цуглаан зохион байгуулах үеэр хүний эрх, эрх чөлөөг хангаж ажиллах ёстойг Комиссын зүгээс онцлон хэллээ.