Тодруулбал, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь Шинь” ХХК-ийн Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа холимог металлын ордын баяжуулах үйлдвэрийн хаягдлын сан буюу далангаас 2010 оны 9 дүгээр сараас одоог хүртэл хугацаанд химийн хорт бодис болох хүнцэл /As/, хар тугалга /Pb/, цайр /Zn/ гэсэн хортой бодисоор бохирлогдсон ус шүүрч хаягдсаны улмаас газрын хэвлий, усны сан бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эх газарт тархаж хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцөлийг бүрдүүлж хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө байгаль орчныг бохирдуулж байгаль орчинд нийтдээ 672,652,394 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар /Байгаль орчныг бохирдуулах/ яллах дүгнэлт үйлдэн Дорнод аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг 2022 оны 12 дугаар сарын 12-13-нд хянан хэлэлцээд “Шинь Шинь” ХХК-ийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагын хуралдааныг ажлын тав хоногийн дараа хийхээр товложээ.
“Шинь Шинь” ХХК-ийн өмгөөлөгчдийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хуралдааныг завсарлуулж, ийнхүү дараагийн хурлын товыг тогтоосон байна.