Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг өнгөрсөн баасан гарагт Эрүүгийн цагдаагийн албанаас ажиллагаа явуулж, саатуулсан.
Хойшлуулшгүй ажиллагааны явцад С.Батдөлийн гэр болон хамаарал бүхий объектоос 7.3 тэрбум төгрөг, 4 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хурааж авсан.
Мөн түүнийг саатуулсан 48 цагийн хугацаа дуусч, сулласан байна.
Прокурорын байгууллагаас 2022 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр яллагдагч С.Батдөлд “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ” авах тухай саналыг шүүхэд хүргүүлсэн байна. Гэвч яллагдагчийн өмгөөлөгч заавал өөрийн биеэр оролцохыг хүсч, шүүхийн хэлэлцүүлгийг түр хойшлуулах санал гаргасныг хүлээн авч шийдвэрлэсэн ажээ.
Иймд, саатуулах хугацаа дууссан тул яллагдагч С.Батдөлийг сулласан бөгөөд түүнийг цааш хорих эсэхийг өнөөдөр /2023.01.09/ шүүх шийдэх юм байна.
Энэ талаарх шүүхийн албан мэдээнд, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 17 цаг 10 минутын үед Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагчаар С.Батдөлийг “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ” авах тухай саналыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлгийг эхлэхээс өмнө яллагдагчийн өмгөөлөгч Д.Амаржаргал “Төв аймагт шүүх хуралд ороод дуусч байна, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн биеэр заавал оролцоно, шүүхийн хэлэлцүүлгийг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргаж, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч С.Батдөл “өмгөөлөгчийн хамт шүүхийн хэлэлцүүлэгт оролцоно” гэх хүсэлтийг гаргасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана”, мөн хуулийн Арван зургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ…”, мөн зүйлийн 14 дэх хэсэгт “…өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах…” эрхтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулах…” гэж тус тус заасныг баримтлан яллагдагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтүүдийг шүүх хүлээн авч “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” прокурорын саналыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэв.
Жич: Яллагдагч С.Батдөлийг шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчилсан тухай баримт прокурорын санал болон хавтаст хэрэгт байхгүй, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгч прокуророос энэ талаар тодруулахад сэжигтнээр баривчлагдаагүй гэсэн тайлбарыг өгсөн гэв.