Өнгөрсөн пүрэв гарагт Эрүүгийн цагдаагийн албанаас түүний гэрт нэгжлэг хийж, хахуулийн байж болзошгүй 7.3 тэрбум төгрөг, зургаан орон сууцны ордер авсан гэх мэдээлэл нийтэд хүрээд байгаа юм.
Энэ талаар НЦУГ-аас дөнгөж сая мэдээлэл хийлээ.
Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга Цагдаагийн дэд хурандаа Ганчулуун “Хойшлуулшгүй ажиллагаа явуулж, нэгжлэгээр яллагдагч С.Батдөлийн хамаарал бүхий этгээдүүдийн гэр орон сууцнаас 7,3 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний ДӨРВӨН төрлийн валют бэлнээр мөн зургаан орон сууцны гэрчилгээ бусад шаардлагатай гэж үзсэн эд зүйлийг хураан авсан. Цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэргийг шуурхай шалгаж шийдвэрлэхээр прокурорын хяналтад АТГ болон Цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна.
Яллагдагч С.Батдөлийг мөнгө угаах , татвар төлөхөөс зайлсхийх, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, хахууль авах зүйл ангиудаар шалгаж байна. Шалгалтын явцад ямар зүйл анги нэмэгдэх эсэхийг хэлж мэдэхгүй байна. Мөн шалгалтын явцад хичнээн албан тушаалтан ААН холбогдохыг хэлж мэдэхгүй байна. Цагдаагийн байгууллага АТГ хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Ажлын хэсэг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд нэгдүгээр сарын 5-ны өдрийн 21 цагт баривчилж, нэгдүгээр сарын 6-ны өдөр цагдаагийн байгууллагаас прокурорт холбогдох саналыг танилцуулсан. Прокурор тухайн өдрийн 16 цагт Баянгол дүүргийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх С.Батдөлийг нэг сар цагдан хорих саналыг гаргасан” гэлээ.