Ромын папын Азид хийх анхны айлчлалаа Монголоос эхэлнэ хэмээн мэдэгдсэн байна. Энэ талаар гадны хэвлэлүүд онцолжээ. Монголд айлчлах талаар тэрбээр Өмнөд Суданаас Италийн нийслэл Ром хот руу буцах нислэгийн үеэр хэвлэлийнхэнд мэдээллэсэн аж.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ромын пап Францискийг манай улсад албан ёсоор айлчлахыг урьсан юм. Энэхүү урилгыг Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр өнгөрсөн наймдугаар сард Ватиканд очиж Католик шашны тэргүүнтэй уулзах үеэрээ уламжилаад байсан юм. Уг урилгыг Ромын пап таатай хүлээн авч айлчлалын бэлтгэл хангаж буй гэх мэдээлэл байсан боловч хэзээ Монгол улсад айлчлах талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байсан юм.