Өнөөдөр Төрийн ордонд “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын II дахь шат эхэллээ. Энэ удаагийн санал асуулгад санамсаргүй түүврийн аргаар эхний шатанд сонгогдсон 1570 хүнээс 800 гаруй иргэн оролцож байна. Хоёрдугаар шатны зөвлөлдөх санал асуулгыг УИХ-ын дарга Г.Занданшатар нээж үг хэллээ. Түүний хэлсэн үгнээс онцлох ишлэлүүдийг хүргэж байна.
- Нийгмийн бухимдлын шалтгаан болж байгаа шударга ёс хариуцлагын тогтолцоо, эдийн засгийн хүндрэл, нийгмийн хүртээмжтэй байдал зэрэг хуримтлагдсан асуудлуудыг зоримог шийдвэрлэхийг нийгэм, цаг үе биднээс шаардаж байна
- Төрийн сахилга хариуцлагыг сайжруулж, нэр хүндийг дээшлүүлэх асуудал бүх шатанд олон жил яригдаж, тодорхой шийдэл дэвшүүлж, арга хэмжээ авдаг хэдий ч үр дүн нь туйлын хангалтгүй байна.
- Нэн ялангуяа төрийн өндөр албан тушаалтны үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэн, авилгаас ангид байж, тэдгээрийн манлайлах үүргийг бий болгох нь чухлаар тавигдаж байна.
- Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний 90 гаруй хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байна. Гэсэн хэрнээ сүүлийн 20 жилд Монгол Улс эрдэс баялгаас олсон орлогынхоо нэг ам.доллар тутмын ердөө 1 центийг хойч үедээ хуримтлуулж байна.
- Хөдөлмөрийг биш, халамжийг шүтэх буруу хандлагыг өөрчлөх, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн иргэндээ ээлтэй, хүний хөгжлийг дэмжсэн шинэчлэл олон жил хүлээгдэж байна.
- Манай нийт иргэдийн 68 хувь нь Улаанбаатар, аймгийн төвүүдэд амьдарч байна. Үүний 46 хувь нь зөвхөн нийслэлд оршин сууж байна.
- Өнгөрсөн 30 жилд орон нутгаас нийслэлд 690 мянган хүн шилжин ирсэн нь томоохон 7 аймгийн хүн амтай тэнцэж байгаа юм.
- Энэ маягаараа бол бид Улаанбаатар улс болоход ойрхон байна. Энэ хэт төвлөрөл, түгжрэлийг бууруулахад цогц арга хэмжээ, зоримог шийдэл хэрэгтэй.
- Та бүхэн нийгмийн бүхий л давхарга, мэргэжил, сонирхлын бүлэг, нас, хүйсийг төлөөлж байна. Өөрөөр хэлбэл, Монголын ард түмэн хэмээх Их олонлогоос сонгогдсон Бага олонлог нь та нар юм.
- Хоёр өдрийн турш үргэлжлэх Зөвлөлдөх уулзалтаар Та бүхэн энэхүү засаглах эрхээ эдлэх болно. Төрийн үйл хэрэгт оролцох үйл явц зөвхөн энэ уулзалтаар, өнөөдөр маргаашаар хязгаарлагдах ёсгүй гэлээ.