Улс орны эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг иргэдтэйгээ хамтран тодорхойлж, шийдвэрлэх “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар үе шатны санал асуулга өчигдөр (2023.02.14) Төрийн ордонд эхэлсэн.
Зөвлөлдөх санал асуулгын үеэр иргэд УИХ-ын сонгуульд гадаадад байгаа хүмүүсийн саналыг авах асуудлыг хөндөв.
Монгол Улс 2012 онд анх удаа гадаадад байгаа иргэдийнхээ саналыг авчээ. Түүнээс хойш гадаадад сурч, амьдардаг иргэд санал өгч чадахгүй байгаа юм.
Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Монгол Улсын иргэд бүх нийтээрээ УИХ-ын сонгуульд саналаа өгөх эрхтэй гэж заасан боловч гадаадад сурч, амьдардаг иргэдийн эрх хязгаарлагдмал хэвээр байгаа аж. Тодруулбал Монгол Улс найман удаа УИХ-ын сонгууль хийхдээ ганц удаа л гадаадад сурч амьдардаг иргэдийнхээ саналыг авчээ.
2005 болон 2015 онуудад баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуулиудад гадаадад сурч, амьдарч байгаа Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцох боломжтой байх тухай заалтуудыг оруулж байжээ. Гэвч 2005 оны хуулийн холбогдох заалтыг 2008 оны сонгуулийн өмнөхөн буюу 2007 оны 12 дугаар сард, 2015 оны хуулийн заалтыг 2016 оны сонгуулийн өмнөхөн буюу 2016 оны 5 дугаар сард тус тус хүчингүй болгосон байна.
Зөвлөлдөх санал асуулгын үеэр гадаадад сурч, ажиллаж буй иргэдийн саналыг авах боломжтой эсэх талаарх асуултад МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан С.Бат-Орших дараах хариултыг өглөө.
Тэрбээр “Олон улсын жишээг харвал дөрвөн аргыг ашиглаж байна. 1-рт тухайн улсад буй Элчин сайдын яам дээр өөрийн биеэр очиж саналаа өгдөг, 2-рт шуудан ашиглаж саналаа өгдөг, 3-рт төлөөлөгчөө явуулдаг, 4-рт электрон санал явуулах гэсэн аргуудыг ашигладаг. Монгол Улс УИХ-ын сонгуулиа ямар арга замаар явуулахаас шалтгаална гадаадад сурч, ажилладаг иргэдээс санал авах үйл явц өөр өөр байдаг. Улс орнууд өөрийн биеэр очиж санал өгөх аргыг бол улс орнууд түлхүү хэрэглэж байна’ гэв.
Тэгэхээр зөвлөлдөх санал асуулгаас гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэд УИХ-ын сонгуульд оролцох боломжийг олгох уу гэдэгт тодорхой шийдэл гарна гэх хүлээлтийг үлдээлээ. Зөвлөлдөх зөвлөлийн уулзалт бол ард түмэнд тулгамдаж байгаа асуудлыг сонсч, ажил хэрэг болгох зорилготой билээ.