УИХ-ын гишүүн, сайд асан Б.Батзоригийн нэр холбогдоод байгаа ЖДҮ-ийн хэрэгтэй холбоотой асуудлаар Өмгөөлөгч Б.Мэргэн өөрийнхөө фэйсбүүк хуудаснаа дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр “Сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзориг ЖДҮ-ийн хэрэгт гэм буруутайгаа хүлээн зөвшөөрсөн учир хэргийг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр болжээ. Хар хэллэгээр бол прокурортой ял наймаалцана. Түүний буруутгагдаж байгаа гэмт хэрэг 10-40 саяар торгох эсвэл 2-8 жил хорих ялтай. Жишээ нь прокурор 30 саяар торгоё гэхээр мань хүн 10-д торгочих л доо гэж саналаа хэлсээр 25-д тохирч болно. За тэгээд шүүх тэрүүгээр нь шийдээд өгнө. Тохирохгүй бол хялбаршуулахаа болиод ердийн журмаар хэргийг шийднэ.
Гэтэл энд нэг асуудал байна. Хялбаршуулсан журмаар шийдэхийн тулд 3 нөхцөл хангагдсан байх ёстой.
- Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх
2. Хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх
3. Хохирогчтой эвлэрсэн байх.
Б.Батзориг гишүүн гэм буруугаа хүлээн зөвшөөрчээ. Тэгвэл 2, 3 дахь асуудал яасан бэ? Хохирлыг хэрхэн тооцов? Нөхөн төлсөн үү? Төлөх үү? Хохирогчоор хэн тогтоогдов? Эвлэрсэн үү?
Нөхцөл хангагдсан болоод хялбаршуулж байгаа байлгүй. Эсхүл гишүүнд арай өөрөөр үйлчилдэг хууль уу?” хэмээсэн байна.