Хаврын чуулган энэ сарын 15-нд буюу энэ долоо хоногт нээлтээ хийнэ. Хаврын чуулган нэлээн дуулиан шуугиантай байх нь тодорхой байна. Учир нь хаврын чуулган эхлэхээр хэлэлцэх хамгийн эхний асуудал нүүрсний хэрэгт холбогдож, өөрсдийн хүсэлтээр гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргасан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан нарын асуудал.
Тэд УИХ-ын бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ намрын чуулган завсарласны дараа өгсөн. Зарим гишүүд ээлжит бус чуулган зарлан хуралдуулж тэднийг УИХ-ын бүрэн эрхээс чөлөөлөх хүсэлтээ байсан ч МАН-ын гишүүд хаврын чуулган эхлэхээр хэлэлцэнэ хэмээн хойшлуулаад байгаа билээ.
Мөн ХНХ-ын сайд Т.Аюурсайхан өнгөрсөн сард сайдын албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн ч өнөөдрийг хүртэл чөлөөлөөгүй байгаа юм. Учир нь түүнийг хаврын чуулган эхлэхээр ЗГ-ын гишүүнээс чөлөөлнө гэдгийг ЗГ-ын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хэлсэн. Тэгэхээр хаврын чуулган энэ долоо хоногт эхлэх учир түүнийг ЗГ-ын гишүүнээс чөлөөлөх асуудлыг мөн энэ долоо хоногт хэлэлцэж магадгүй юм.
Нүүрсний хулгайн хэрэгт шалгагдаж, яллагдагчаар татагдаад байгаа УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат уянгын халилттай, урт өргөдөл бичиж өгөөд БНСУ-ыг зорьсон ч одоо хүртэл сураггүй байгаа.
Тэднийг МАН-ын бүлэг олонхоороо түрий барьж авч үлдэж магадгүй гэх хардлага байгаа ч ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрсний хулгай гэх шил шилээ дарсан олон хулгайн асуудалд иргэд хариуцлага тооцохыг шаардаж буй учир чөлөөлөхөөс аргагүй байдалд хүрээд байна.
Араас нь мөн л нүүрсний хэрэгт холбогдон яллагдагчаар татагдаад байгаа зургаан гишүүнийг чөлөөлөх хүсэлтийг прокуророос оруулж ирнэ гэх албан бус мэдээлэл бий.
Д.Гэрэл