Засгийн газраас зохион байгуулагдсан Шүгэл ажиллагааны ажлын хэсэг өнөөдөр 11.40 минутаас мэдээлэл өгөх аж.
Засгийн газраас энэ жилийг авилгатай тэмцэх жил болгон зарлаж 5 Ш ажиллагаа хэрэгжүүлэхээр болсон. Тэгвэл тус ажлын нэг Шүгэл ажиллагаа юм. Авлигатай хийх тэмцлийн хамгийн чухал нь энэ шүгэл ажиллагаа хэмээн иргэд талархан хүлээж буй. Учир нь авлигын гэмт хэрэг дандаа бусдын нүднээс далд, бусдаар зуучлуулах хэлбэрээр, цөөхөн оролцогчдын дунд явагддаг юм. Авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар нийтийн эрх ашгийн төлөө мэдээлж байгаа шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төслийг УИХ-ын хаврын ээлжит чуулганаар яаралтай батлуулахыг зорьж буй юм.
Энэ хуулийг баталснаар авлигын гэмт хэргийн талаар олон нийт “Шүгэл үлээх” сэдлийг бий болгож, оролцоог нэмэгдүүлнэ гэж харж болно. Мэдээж гэмт үйлдлийг илчилсэн нөхрийн аюулгүй байдлыг төр бүрэн хариуцаад ирэхээр итгэл төрөх нь дамжиггүй. Олон нийтийн дэмжлэг энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд асар их хэрэгтэй байдгийг олон улсын туршлагууд нотолдог юм. Мөн төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг багасгах, иргэд, хувийн хэвшлийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хамтран ажиллах чиглэлд ч онцгой анхаарахаар тусгаад байгаа билээ.