УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат 2022 оны хөрөнгөө мэдүүлээгүй байна

Нүүрсний хэрэгт холбогдон УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад буй УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлээгүй байна.  Хөрөнгө орлогын мэдүүлгийн тухай хуулиар УИХ-ын гишүүд  болон тус хуульд заасан албан тушаалтнууд оны эхний 2 сардаа багтаан мэдүүлгээ  өгөх ёстой. Гэвч Ж.Мөнхбат гишүүн өнгөрсөн оныхоо хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлээгүй аж.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн ч бүрэн эрхтэй хэвээр байгаа. Тиймээс хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлэх л учиртай. Гэвч тэрбээр хөрөнгө орлогын мэдүүлгээ нууж буй нь түүний хөрөнгө хэд дахин өссөн учир тайлагнаж чадахгүй байж болзошгүй гэх хардлагыг ч дагуулж байна.

Сануулахад: АТГ-аас УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн, Б.Энх-Амгалан, Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нарыг яллагдагчаар татан, шалгаж буй. Гэвч зарим гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байгаа аж. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурорт хүргүүлж байгаагаа АТГ-аас мэдээлсэн.

Д.Гэрэл