Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн иргэн Б.М-д холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн цагаатгасныг прокурорын эсэргүүцлийн дагуу Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хянан хэлэлцээд хүчингүй болгожээ.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс тус аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутагт зулзаган хуш 58, нарс 40 ширхэгийг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэн автомашинаар тээвэрлэж, байгаль экологид 87,238,206 төгрөгний хохирол учруулсан иргэн Б.М-ыг “Хууль бусаар мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болон байгаль экологид учруулсан хохирлыг улсын орлого болгож шийдвэрлэсэн байсныг Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, шүүгдэгчийн гомдлоор хянан хэлэлцээд, уг асуудал нь гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан байна. Тус аймгийн прокурорын газраас Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэн Улсын дээд шүүхэд эсэргүүцэл гаргасныг 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцээд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон иргэн Б.М-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв.