Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 22-нд болж, Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, авлигатай тэмцэх таван Ш буюу Шүгэл, Шүүр, Шувуу, Шилжүүлэн авах болон Шил ажиллагаа”-г хэрэгжүүлж буй. Авлигатай тэмцэх ажиллагааг эрчимжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болгосон байна.
“Шувуу ажиллагаа”-ны хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гадаад улс руу оргон зайлсан этгээдийг Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд эргүүлэн авчирч, хариуцлага хүлээлгэнэ. Мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 92 хүний нэрийг зарласан. Оргон зайлсан хүмүүсийн тоо 18-аар нэмэгдсэн гэдгийг Х.Нямбаатар сайд мэдээлж байна. Эдгээр хүнийг авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх үүргийг хуралдаанаас өгчээ. Оргон зайлсан хүмүүсийн дансыг царцаах чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэлээ.
Мөн хувийн хэвшлийг үйл ажиллагаа явуулахад нь төрийн байгууллага, албан тушаалтан саад учруулсан, ажлаа хийхэд нь эс үйлдэл үзүүлбэл Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг тогтолцоог тодорхой болгох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болгожээ.