ХНХ-ын сайд Т.Аюурсайхан нүүрсний хулгайн хэрэгт холбогдон ЗГ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгч Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд чөлөөлөх захирамж гарган Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулж, чөлөөлсөн.
Түүний орны хүнийг энэ долоо хоногт томилох аж. ХНХ-ын сайдаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг нарын нэрс хэвлэлээр явж буй. Гэвч хэд хэдэн сайдын нүүр үзээд буй дээрх яаманд одоо нэр цэвэр хүнийг гаднаас томилно гэх мэдээлэл байна.
Тэгвэл “гаднаас” буюу УИХ-ын гишүүн бус Б.Тулгатын нэр дээрх сайдад яригдаж буй сурагтай. Б.Тулгат нь МАХН-ын дарга асан Н.Энхбаярын туслахаар олон жил ажилласан, МАН, МАХН хоёр нэгдэхэд бага хурлын гишүүн болсон юм.
Сануулахад: ХНХ сайд асан, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өнгөрсөн хоёрдугаар сард сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ ЗГ-ын тэргүүн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өгсөн. ЗГ-аас хаврын чуулган эхлэхээр чөлөөлхөө мэдэгдэж байв. Хаврын чуулган энэ сарын 15-нд нээлтээ хийсэн боловч өнгөрсөн долоо хоногт чөлөөлөх тушаал нь албажсан юм.
Тэрбээр УИХ-ын гишүнээс чөлөөлөгдөн шалгуулна гэх мэдээллийг өргөдлийн хамт өөрийн цахим хуудастаа байршуулсан боловч уг өргөдөл нь УИХ-д ирээгүй гэдэг нь өнгөрсөн долоо хоногт ил болсон.
Тэгвэл түүнийг нүүрсний хэрэгт холбогдуулан шалгахад УИХ-ын халдашгүй байдал саад учруулж байна бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, шалгах боломжийг олгож өгнө үү гэх хүсэлтийг АТГ-аас прокурорт хүргүүлсэн байдаг.
Прокуророос өнгөрсөн долоо хоногт Т.Аюурсайхан нарын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д хүргүүлээд буй юм.
Д.Гэрэл