МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцжээ. Энэ тухай МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан МАН, АН, ХҮН-ын төлөөлөл багтсан ажлын хэсэг ажиллаж, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулсан.
Үндсэн хуулийн 21.4-д заасны дагуу бид 06 дугаар сарын 20-ноос өмнө Сонгуулийн хуулийг хэлэлцэж, батлах үүрэгтэй. Тиймээс бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, Засгийн газрын лхагва гаригийн хуралдаанд оруулж, санал авч, УИХ-д өргөн барих бэлтгэлийг хангаж байна” гэдгийг мэдээлэв.
Сонгуулийн хуульд орох ТАВАН өөрчлөлт
- Сонгуулийн тогтолцоо ХОЛИМОГ тогтолцоогоор өргөн барихаар тогтож байна. 50 хувь нь можаритор, 50 хувь нь пропорциональ /намын жагсаалт/
- Сонгуулийн зардлыг бууруулах шаардлагатай. Зурагт самбар, ухуулагч, шадар туслахын тоог багасгаж, аль болох хямд зардалтай сонгууль хийх өөрчлөлт орсон.
- Гадаадад байгаа сонгогчдын саналыг авах асуудал
- Намын жагсаалтын босгыг гурван хувь байлгах. 2012 онд улс төрийн босго таван хувь байсныг багасгаж, гурван хувь болгох
- Нэр дэвшигчдийн доторх нэг хүйсийн эзлэх хувь 30-аас доошгүй хувь байна. Одоогийн хуульд байгаа 20 хувийг 30 болгон нэмэгдүүлж байна.
Харин УИХ-ын 76 гишүүний тоог нэмэхгүй аж.