Баянгол дүүргийн “Алтай” хотхоноос гарч байгаа тээврийн хэрэгсэл зөвхөн зүүн эргэн гүүрний доогуур Нарны хороолол руу орох нэг чигийн зохицуулалтыг хийхээр төлөвлөн туршилт хийж буй нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байна. Нарны гүүрний хойноос урагш чиглэлийн нэвтрүүлэх чадвар 29.9 хувиар нэмэгдэнэ гэж тооцоолжээ.
Тэгвэл уг асуудалд УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар өөрийн байр суурийг илэрхийллээ. Түүний хувьд Баянгол дүүргээс сонгогдсон юм.
Тэрбээр “Баянгол дүүргийн #Нарны_хороолол орчимд авто замын хөдөлгөөний чиглэл өөрчлөх #туршилт хийж буй асуудлаар тойргоос сонгогдсон гишүүний хувьд санал, хүсэлтээ илэрхийллээ.
Авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд хөдөлгөөний зохицуулалт, туршилт хийх санал санаачилгад хүндэтгэлтэй хандана.
Гэхдээ энэ зохицуулалтын тухайд бол туршилтын журмаар хэдий ч судалгаа муутай болжээ гэдэг нь харагдаж, иргэдээс ихээхэн шүүмжлэл ирж байна. Миний хувьд ч санал нэг байна.
Нарны гүүрний #ачааллыг Нарны хороолол руу #шилжүүлж, хороолол дундах замыг нийтийн эзэмшлийн #төв зам болгосон. Ингэснээр тухайн хорооллын оршин суугчдад туйлын #хүндрэлтэйн дээр гол нь хороолол дундах сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн #аюулгүй байдалд нөлөөлөхүйц байгаа юм.
Тиймээс дээрх нөхцөл байдлыг дүгнэж туршилтыг дуусгах, өөр зохицуулалтын хувилбар сонгохыг холбогдох байгууллагаас хүсье. Иргэд ч үүнийг хүсч байна.
Үр дүнгүй, нийтийн эрх ашигт нийцэхгүй бол шийдвэрээ цуцлах нь туршилт хийж буйн утга бизээ. Шийдвэрээ өөрчилтөл нь холбогдох байгууллагад асуудал тавьсаар байх болно” гэжээ.