Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хүнсний сүлжээний бүх үе шатанд аюулгүй байдлыг хангах, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, түүхий эдийн дотоодын нөөц ашиглалтыг нэмэгдүүлэх, импортын хамаарлыг бууруулах, цаашид хүнс экспортлогч орон болох зорилтыг дэвшүүлсэн.
Засгийн газрын 2023 оны 63 дугаар тогтоолоор хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 5-6 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлж, Засгийн газраас хүүгийн зөрүү 13 хувийг хариуцан олгохоор шийдвэрлэсэн.
Энэ хүрээнд арилжааны 10 банкаар дамжуулан эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зориулалтаар уг зээлийг олгох бөгөөд 2023 оны төсөвт хүүгийн хөнгөлөлтөд 135.5 тэрбум төгрөгийг тусгасан.
– Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихэд 132.3 тэрбум төгрөг,
– Газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжихэд 342.6 тэрбум төгрөг,
– Хүнсний боловсруулах, сав баглаа боодлын үйлдвэрлэлийг дэмжихэд 507.1 тэрбум төгрөг,
– Нийт 982.0 тэрбум төгрөгийн зээлийг хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд 3-5 жилийн хугацаатай олгох санхүүжилтийн гэрээг Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанк, арилжааны банкууд хамтран байгуулж байна.
Арилжааны банкууд:
- Төрийн банк
- Хаан банк
- Худалдаа хөгжлийн банк
- Голомт банк
- Капитрон банк
- Тээвэр хөгжлийн банк
- Хас банк
- Богд банк
- Ариг банк
- М банк
Зээлийг зориулалтын дагуу, үр дүнтэй зарцуулснаар гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэгчдэд үйлдвэрлэлээ өргөжүүлэх, шинээр үйлдвэр байгуулах, технологийн шинэчлэл хийх замаар ашиг орлогоо нэмэгдүүлэн, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах нөхцөл бүрдэх юм.
Эх сурвалж: ХХААХҮЯ