Цагтаа “Хүүхдийн төлөө төв”-ийг удирдаж явсан И.Нарантуяаг төрөөс төрсөн тэрбумтануудын нэг гэхэд хилсдэхгүй. Анх “Баянзүрх” захын эзэн гэгддэг байсан тэрээр 2016 онд баянзүрхчүүдийг нэлээд тойглосон ч УИХ-д сууж чадаагүй билээ. Ардчилсан нам эрх барьж байх үед буюу 2014 онд тэрээр хүүхдийн байгууллагын нэрийг барьж тухайн үеийн бондуудаас их хэмжээний зээл авч хөрөнгөө арвижуулсан гэдэг. Тодруулбал, 2014 оны ХОМ-ээ АТГ-т гаргаж өгсөн бөгөөд “Хурдны зам” ХХК-г эзэмшдэг гэдгээ дурьсан байдаг. Гэтэл тус компани Чингис бондоос 19 тэрбум төгрөг авсан нь өдгөө ил болоод буй. Түүгээр ч зогсохгүй, “Хурдны зам” ХХК Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан компаниудыг тэргүүлдэг. Ингэхдээ 2 удаагийн зээлээр 27,9 тэрбум төгрөгийн зээл авчээ. Өөрөөр хэлбэл, И.Нарантуяа нийт 46,9тэрбум төгрөгийг Хөгжлийн банк, Чингис бондоос авсан гэсэн үг. Ямартаа ч, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, компаниудад сонсогдоод өнгөрсөн бондын зээлийг энэ мэт намын нэр ашигласан завшигчид завшсан бололтой.