Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийлээ.
Тэрбээр “Монголын баатарлаг эх орончдын өлгий нутаг, тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн аугаа түүх мөнхөрсөн баруун хязгаар нутагт ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах үйлсэд хүчин зүтгэж буй та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна.
Миний бие Онцгой байдлын асуудал эрхэлсэн анхны сайдаар ажиллахдаа төрийн онцгой чиг үүрэг бүхий энэхүү байгууллагын суурийг тавилцах, хөгжүүлэн бэхжүүлэх үйлсэд та бүхэнтэйгээ хамтран зүтгэсэн он жилүүд амьдралын минь хамгийн дурсамжтай үеийн нэг байдаг. Төр засгийн оновчтой бодлого, онцгой байдлын албаны хөдөлмөрч, бүтээлч хамт олны хичээл зүтгэлээр манай улсын гамшгаас хамгаалах тогтолцоо, түүний үйл ажиллагааны эрх зүйн орчин цоо шинээр бүрдэж, алба хаагчдын ур чадвар жилээс жилд дээшилж байна.
Эдүгээ тус алба эх орондоо төдийгүй олон улсын түвшинд үүрэг гүйцэтгэх чадвартай алба болон төлөвшиж, төр засаг, ард түмнийхээ талархлыг хүлээн, энх цагийн баатрууд хэмээн хүндлэгдэх болсонд Зэвсэгт Хүчний Ерөнхий командлагч сэтгэл нэн хангалуун байна. Баруун бүсийн хүн ам, хүрээлэн буй орчныг гамшгаас хамгаалах, болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах амаргүй бөгөөд нэр хүндтэй үүргээ чин шударгаар биелүүлж байгаа та бүхэндээ ажлын өндөр амжилтыг хүсье. Эх орон минь амар тайван байж, Монгол цэргийн сүлд хийморь мандан бадарч байх болтугай” хэмээн хэлсэн үгэндээ онцолсон байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.